Нидерландын өмнөд хэсгийн Валкенбург хотод жил бүр хэдэн зуун мянган жуулчныг татдаг “Зул сарын баярын зах” бий. Энэхүү зах нь газар доор агуйд байдгаараа онцлог. Энэ жил тус зах арваннэгдүгээр сарын 15-нд нээгдсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 05 хүртэл ажиллах юм байна.

Олон зуун лангуу, мянга мянган гэрэл, чимэглэл, гайхамшигтай баримлууд гээд Валкенбургийн агуйн захад Зул сарын баярын худалдаа асар баялаг ажээ. Валкенбургийн газар доорх агуйд дэлгэгддэг гайхамшигт зах  Европын хамгийн шилдэг 10 Зул сарын баярын захын нэгээр нэрлэгджээ. Тодруулбал, 12 мянган хүний саналаар Валкенбург "Европын шилдэг Зул сарын зах зээл 2020" тэмцээнд есдүгээр байрт шалгарсан байна. Агуйд дэлгэгддэг Зул сарын баярын зах зээлээс гадна Валкенбургийн Зул сарын баярын парад Европ дахинд тун алдартай аж.