Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн өвөл шударга ёсны төлөө хэмээн тэмцэж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан. Энэ тэмцэл цааш үргэлжилж, Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, АТГ-ын удирдлагыг сольсон. Тухайн үед тэмцэл өрнүүлсэн УИХ-ын гишүүд “Шударга бусын хонгилыг нураалаа” хэмээн цээжээ дэлдэж байлаа. Харин өнөөдөр тэд өөрсдөө нөхцөл байдал хэвээрээ байгааг хүлээн зөвшөөрч эхэллээ. Томилогдоод дөнгөж хагас жил гаруй хугацаа өнгөрүүлж буй Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон орлогч прокурор С.Алиманцэцэг, Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарын ажилдаа хандаж байгаа хандлага УИХ-ын гишүүдэд таалагдсангүй. Хууль шүүхийн байгууллагын удирдлагууд хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой ч УИХ-ын гишүүдэд заавал таалагдах ёстой бололтой. Үүнээс үзвэл томилогдохоосоо илүү таалагдах нь чухал ажээ. Товчхондоо, хэчнээн томилогдсон байлаа ч таалагдахгүй л бол тогтож үлдэх магадлал бага байна.
Ирэх онд прокурорын байгууллагын 90 жилийн ой болно. Энэхүү байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх гэсэн боловч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, түүний түр орлон гүйцэтгэгч С.Алиманцэцэг нар УИХ-тай харилцахаас татгалзжээ. Эндээс хөвөрсөн шүүмжлэл эрчээ авч, УИХ-ын дарга Г.Занданшатар хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хууль зүйн байнгын хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө. Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.

-Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх тогтоол батлахтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ирж хэд хэдэн асуудал дээр мэдээлэл хийгээч гэж хүссэн. Гэвч эрүүл мэндийн шалтгаантай гээд ирэхгүй байгаа. Түүнийг түр орлон гүйцэтгэж байгаа С.Алиманцэцэг прокурорыг ирээч гэх гэхээр манай Байнгын хорооны утсыг авахгүй байна. Ер нь Байнгын хороо прокурорын байгууллага хоёрын хооронд үл ойлголцсон байдал үүссэн.

-Прокурорын байгууллага дээр олон асуудал очоод гацчихаад байна. Сүүлийн үед энэ байгууллагыг хэн удирдаж байгаа нь мэдэгдэхээ байлаа. С.Алиманцэцэг прокурор нь удирдаад ч байгаа юм уу, яагаад байгаа юм бүү мэд. УИХ-аас дуудаж байхад ирэхгүй байж болохгүй ш дээ. Уг нь ийм зүйлийн эсрэг УИХ тодорхой чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан гэж бодож байна. Гэтэл буцаад ийм асуудал үүсч байгаа нь туйлын харамсалтай. Эрүүдэн шүүсэн эсэхээс эхлээд олон асуудал шийдэгдэхгүй хугацаа алдлаа. Томилогдсон байгууллагынхаа өмнө ажлаа хариуцаж ярих хугацаа болж байгаа гэж бодож байна. Томилогдохдоо олон сайхан зүйл ярьчихаад томилогдсоныхоо дараа өөрчлөгддөг нөхөдтэй хариуцлага ярих хэрэгтэй. Ийм байдлаар цаашаа явмааргүй байна. Хууль зүйн байнгын хороо үүн дээр анхаалаа хандуулж ярих нь зөв.

-Хуулийн байгууллагын удирдлагуудын тухайд УИХ-ын гишүүдийн шүүмжлэл бодитой. Би энд нарыг мэднэ. Би чинь долоон Ерөнхий прокурор, долоон Ерөнхий шүүгчийн нүүр үзсэн хүн. Байгууллагынх нь ойг тэмдэглэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах үед УИХ-тай харилцах ёстой. Харин тодорхой хэрэг маргааны асуудлаар ярихгүй, ирэхгүй байх асуудал бий. Төсвийнх нь асуудлыг хэлэлцэж байхад өөрсдөө ирдэггүй. Тамгын газрын даргаа явуулчихдаг. УИХ дээр ирээд төсвийнхөө асуудлыг ярих гэхээр бие даасан хараат бус байдал нь алдагдчихна гээд айдаг юм шиг байгаа юм. Ийм эрүүл бус зүйл бий болчихоод байна. Сүүлийн үед прокурорын байгууллагад чих сортхийлгэсэн юм дуулдаад л байгаа юм. Ганцхан прокурор ч биш Дээд шүүхэд ч асуудал бий. Шүүх шударга ёсны баталгаа гэгддэг. Гэтэл гэм зэмгүй ял эдэлж байгаа хоёр хүнийг хэдий болтол ял эдлүүлэх юм бэ. Би Б.Жаргалсайханыг Ерөнхий шүүгч, Х.Батсүрэнг Ерөнхий прокурор болж байхад нь үүнийг хэлээд, шинэ дарга нар шуурхай арга хэмжээ авч өгөх болов уу гэж горьдож байсан юм. Гэтэл байдаггүй шүү. Саяхан би Х.Батсүрэнд “Үүнийг зүгээр хараад суух юм уу” гэж хэлсэн. Дээд шүүх цаашдаа ийм зүйлийг хараад суугаад байх юм уу. С.Зориг агсны амь настай холбоотой хэргээр түр хороо мэдээлэл сонсох гэхээр ТЕГ-ын дарга ирэхгүй байна. Хэлмэгдүүлсэн гол байгууллага нь шүү дээ.
Ер нь манай хуулийнхан томилогдохоосоо өмнө “Ахаа, эгчээ” гэж гүйсэн зөөлөн этгээдүүд байдаг. Томилогдсоныхоо дараа зан нь 180 градус эргэж хүн танихын аргагүй болж мөнгө, албан тушаалтнуудыг үг дагаж зарчмаа гээж, хуулиа гишгэдэг болсон. Гишүүдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа.

-Прокурорын байгууллага дээр эргэлт гарсан байна. Ерөнхий прокурорыг хөөгөөд явуулчихсан байна. Б.Жаргалсайхан гэдэг хүн өрөөндөө орж чадахгүй байна. Ерөнхий прокурорыг УИХ-аас томилсон. Бүлэглэлийн нөхөд Ерөнхий прокурорыг өрөөнөөс нь хөөгөөд, өргөдлийг нь хүчээр бичүүлж гарын үсэг зуруулсан байна. Өнөөдөр томоохон хэргүүд прокурор дээр очоод бүгд гацлаа. Шүүх дээр хэргүүд явахгүй байна. Хонгилыг нураах гэж таван гишүүн өнгөрсөн өвлийн турш ард түмэнтэйгээ хамт жагсаж тэмцсэн. Дахиад хонгил үүссэн байна. Ерөнхий прокуророо ажилд нь оруул. Ерөнхий прокурор чинь гудамжинд гарсан байна. Эрх баригч намын нөхдүүд болж байгаа явдлыг мэдээгүй юм шиг дүр эсгэх шаардлагагүй. Монголчууд бүгдээрээ мэдэж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярь аа, УИХ-ын дарга аа. Та төрийн гурван өндөрлөгийн нэг, Монгол төрийг төлөөлж байгаа хүн. Тэр прокурор, шүүх, АТГ-т чинь дахиад завхрал эхэлж байна. Завхралыг зогсоох талаар онцгой анхаараач ээ гэсэн хүсэлтийг танд тавьж байна.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхий прокурорыг дуудаж ажилд нь оруулж, прокурорын байгууллагын 70 жилийн ойг тэмдэглдэх тухай тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэ. Прокурорын байгууллагатай холбоотой асуудлыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж танилцуулах чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгч байна.