Шинэ он гарахаас өмнө батлах учиртай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Сонгууль бүрийн өмнө эрх баригч нам өөрт ашигтай гэсэн хувилбараар сонгуулийн хуулийг өөрчилдөг жишиг тогтоод удаж буй. Энэ удаа ч гэсэн МАН өөрт ашигтай гэсэн хувилбаруудаа сонгож, эцэслэн шийдвэрлэхээр ярилцаж байна. Гэхдээ шууд нэг хувилбарыг ашигтай гээд сонгосонгүй. Эхэнд гаргасан шийдвэрээсээ буцаж, холимог мажоритарын 50+26 хувилбарыг санал болгосон ч энэ нь дахин өөрчлөгдөх бололтой.

Уг нь анх өнгөрсөн зургадугаар сард Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн мажоритар системээр улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төсөл боловсруулж, МАН-ын бүлгийн хурлаар дэмжүүлсэн. Ингэхдээ Монголд тохиромжтой сонгуулийн дөрвөн хувилбар буюу том мажоритар, бүсчилсэн тойрог, жижиг можаритор, нэг тойрог болгох хувилбаруудыг хэлэлцсэнээс улс нэг тойрог болох хувилбарт санал нэгдсэн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлж байлаа. Тэрээр тойргоор явуулсан сонгууль нь хөрөнгө оруулалтыг хувааж, эдийн засгийг сулруулдаг бөгөөд улс нэг тойрог болох нь тогтвортой хөгжлийн бодлоготой нийцнэ гэж үзсэнээ тайлбарлаж байв. Энэхүү хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар дэмжүүлж, УИХ-д өргөн барихаар зэхэж байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хэлэлцүүлгийг хойшлуулж байв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд холимог тогтолцоог оруулах сөрөг хүчний саналыг дэмжээгүй ч эрх баригчид мажоритар нэртэй монголчилсон холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар хуулийн төсөл өргөн барив. Тодруулбал, холимог мажоритар буюу 50 жижиг тойрог, 26 улс нэг тойргоор сонгууль явуулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэхүү хувилбар нь мажоритар, пропорцианалийг хослуулсан холимогоос намд бус нэр дэвшигчид шууд санал өгөхөөрөө ялгаатай. Гэсэн ч 26 мандаттай улс нэг тойрогт нэр дэвшигчдийг хувь тэнцүүлэн сонгох нь 2016 онд Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон хувилбартай агаар нэг юм. Хэдийгээр эрх баригчид 50+26 хувилбарт санал нэгдсэн ч эсэргүүцэх гишүүд цөөнгүй байна. Зарим нь 60+16 хувилбар болгож өөрчлөх талаар ч яриад эхэлжээ. Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард иргэд парламентын төлөөллөө шууд сонгох зохицуулалт хадгалагдан үлдсэн. Тэгэхээр мажоритарын хувилбаруудын аль нэгээр нь сонгууль явуулах нь тодорхой. Тиймээс мажоритар тогтолцооны дөрвөн хувилбарын эерэг, сөрөг талыг сонирхуулъя.

Холимог мажоритар

Эерэг тал: Энэхүү хувилбар нь сонгогчид өөрсдийн тойргийн төлөөлөгчийг сонгохын зэрэгцээ жагсаалтаар орсон нэр дэвшигчдээс давхар сонгох боломжтой. Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэн парламентад суух төлөөллөө шууд сонгох эрх хангагдаж буй сайн талтай. Мөн орон нутгийн төлөөлөл орхигдохгүйгээс гадна улс төрийн намууд шилдэг боловсон хүчнээ салбар бүрээс оруулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна улс төрийн намуудын төлөвшил сайжрах сайн талтай.

Сөрөг тал: УИХ-ын гишүүд мандатаар, рейтингээр сонгогдсон гэж хуваагддаг. Мөн тойргоос сонгогдсон гишүүд жагсаалтаар сонгогдсон гишүүдээс илүү үүрэг хариуцлага хүлээх нь бий. Эсрэгээрээ томсгосон тойргоос сонгогдсон гишүүдийн хүлээх үүрэг хариуцлага нь багасна. Үүнээс гадна нэр дэвшигчдийн сонгогдох эрх талаасаа харьцангуй ялгавартай юм. Улс нэг тойрогт өрсөлдөх нь лидергүй намуудад халгаатай.

Улс төр судлаач, доктор Д.Бумдарь: -Орчин үед улс орнууд холимог хувилбарыг хэрэглэж байна. Үүний давуу тал нь улс төрийн намыг чанартай болгоно. Улс төрийн намын туйлын зорилго нь улс төрийн эрх мэдлийг авах, шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой, төрийг удирдах зорилгыг агуулдаг. Тэгэхээр улс төрийн нам чанартай, зорилго, мөрийн хөтөлбөр нь тодорхой, боловсон хүчнээ бэлтгэдэг байх хэрэгтэй. Харин одоо хэлэлцэж байгаа хувилбарыг мажоритар санал үл шилжих хувилбар дээр суурилсан монголчилсон загвар гэж ойлгож байна. Гол асуудал нь бие даагчид сонгогдоход хүндрэлтэй. Мажоритар тогтолцооны үндсэн мөн чанар хоёр намын тогтолцоог дэмждэг. Хоёр нам хэн сайн  ажилласан нь төр барих хувилбар шүү дээ. Яг үүгээр манайх хоёр намын системтэй улс болчихсон. Одоо яригдаж байгаа жижиг 50, том нэг мажоритар тогтолцоо жижиг намуудад бүр ч халгаатай. Олонд танигдсан улстөрчгүй бол жижиг намуудад хаалт болох хувилбар. Популизм хийж олны анхаарлыг татдаг, улс төрд олон жил явсан улстөрчид сонгогдох магадлал өндөр. Намууд томсгосон нэг тойрогт өрсөлдөх 26 нэр дэвшигчийг ч тийм хүмүүсээр бүрдүүлэх байх. Тэгээд ч орон даяар явж сурталчилгаагаа хийх боломж хомс учраас олонд танигдсан улстөрч сонгогдох нь тодорхой. Сонгогч ч нэрсийн жагсаалт уншаад нөгөө л танигдсан, олон жил болсон хүнээ дугуйлна.

Улс нэг тойрог

Эерэг тал: Бүх нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөх учраас намуудын мөрийн хөтөлбөрт үндэсний хэмжээний бодлого тусгагдах давуу талтайн дээр гишүүд зөвхөн өөрийнхөө тойрогт бус улсын хэмжээнд ажиллах боломжтой. Улсын төсвийн зарцуулалтыг тойрог бүрт бус эдийн засаг, хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах боломж бүрдэнэ. Мөн мөнгөнөөс хамаарах бус мэдлэг, чадвартай хүн сонгогдох магадлалтай нь энэ хувилбарын давуу тал юм.

Сөрөг тал: Орон нутгийн хөгжил орхигдох эрсдэлтэй. Шинэ залуу улстөрчдөд энэхүү хувилбар нь халгаатай гэдэг. Улс төрд олон жил явсан, нэр алдартай хүмүүс парламентад сонгогдох магадлал өндөр. Бага ястнууд парламентад төлөөлөлгүй үлдэх өндөр магадлалтайгаас гадна улс төрийн томоохон хүчнүүдээс бусад нам, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа орон даяар явуулахад хүндрэлтэй.

Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од: -Улс нэг тойргоор сонгууль явуулбал улс төрийн намууд үндэсний хэмжээний бодлого ярих байх. Энэ талаасаа сайн үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Бусад асуудалд ямар ч ахиц гарахгүй. Ялангуяа бидний сүүлийн үед ярьж буй улс төрийн намын санхүүжилтийг эрүүлжүүлэх, намын төлөвшил, сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах гэх мэт асуудалд ухралт болно. Тэр дундаа угсаатны төлөөлөл парламентад орж чадах, эсэх нь залуус, эмэгтэйчүүдийнхээс ч илүү хурц асуудал болно. Бидэнд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь харвал энэ сайн хувилбар биш. Харин парламентад суусаар олонд танигдсан нөлөө бүхий, хуучинсаг улстөрчид, популистуудад ашигтай хувилбар байх.

Жижиг 76 тойрог

Эерэг тал: Жижиг тойргуудад бүтээн байгуулалт хийх боломжтой. Гишүүд, сонгогчдын хоорондын харилцаа сайн. Өөрөөр хэлбэл, гишүүд сонгогчидтойгоо ойр ажиллаж, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, тойрогтоо шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг дор бүр нь хийх боломжтой. Энэ утгаараа жижиг 76 тойрог нь иргэд сонгогчид талаасаа ашигтай хувилбар юм. Мөн шинэ залуу улстөрчид парламентад сонгогдоход хялбар хувилбар гэдэг.

Сөрөг тал: Төсвийг үр ашиггүй зарцуулах сул талтай. Гишүүд өгсөн амлалтаа биелүүлэх, дараагийн сонгуульд бэлтгэж, тойргоо услахын тулд дор бүрнээ тойрогтоо хөрөнгө оруулалтын ажил суулгахыг хичээдэг. Энэ нь зарим тойрогт шаардлагагүй бүтээн байгуулалт хийгдэж, төсвийн мөнгөний үр ашиггүй зарцуулалт болж буй. Мөн жалга довны үзэл идэвхжихийн зэрэгцээ мөнгөтэй нэр дэвшигч тойргийнхныг худалдаж авах эрсдэлтэй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Ч.Өнөрбаяр: -Жижиг тойргоос олонхийн саналаар ялагч тодорч байгаа одоогийн тогтолцоо байгаа цагт тойргийн жижиг улс төрөөс хэзээ ч салж чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, 4-5 сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо услах нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодлогоо ярьж, жижиг тойргийн улс төрөө хийж хэрэгжүүлсээр л байх болно. Ийм жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй улс төрийн намууд үндэсний хэмжээний том бодлого явуулж чадна гэж үү, юу л бол, тун эргэлзээтэй.

Томсгосон тойрог

Эерэг тал: Жижиг тойрог бүрээр биш бүс нутгийн хөгжлийг дэмжих боломжтой хувилбар. Энэхүү тойргийн хуваарилалтаар сонгууль явуулбал улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд гацаж байсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих, бодлогын гажуудал засагдах боломжтой. Мөн гишүүдийн хувийн тоглолт үгүй болно.

Сөрөг тал: Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх зөрчигддөг байна. Өөрөөр  хэлбэл, томсгосон тойргоор нэг аймгийн сонгогчид ганцхан хүнд саналаа өгөх бол нийслэлийн нэг дүүргийн сонгогч гурван хүний нэрийг дугуйлдаг боломжтой байх жишээтэй. Мөн хүн ам багатай хоёр аймагт нэг мандат олгодог бол нэг дүүрэгт 2-3 мандат олгодог нь сонгогчдын тэгш эрх талаасаа шүүмжлэл дагуулдаг байна. Мөн нэг намын нэр дэвшигчид хоорондоо хагаралдаж, намын төлөвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Улс төр судлаач Д.Уламбаяр: -Томсгосон тойргийн давуу тал нь сонгуульд мөнгө цацдаг байдал өөрчлөгдөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, нэр хүнд, мэдлэг чадвартай эсэхээс үл хамааран хэн мөнгөтэй нь сонгуульд ялдаг байдал өөрчлөгдөх болов уу. Мөн улсын төсвийг үргүй зарцуулах байдал өөрчлөгдөх боломж бий. Улс орны өмнө тулгамдсан томоохон бүтээн байгуулалт, том төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно. Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт улс төрд олон жил болсон гишүүд эсвэл намын дарга нар дахин сонгогдох боломжтой. Харин бие даагчид олноороо сонгогдох магадлал бараг байхгүй. Харин С.Жавхлан шиг улс орны хэмжээний супер од байвал сонгогдох магадлалтай. Үүний зэрэгцээ томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт юм.