Нийслэлийн гэр хорооллын өрхөд угаар мэдрэгч суурилуулахаар зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэхдээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн суурилуулна гэж хотын захиргаанаас мэдээлсэн. Гэвч одоогоор өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулаагүй байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас тодруулав. Тэрбээр, “Энэ ажлыг хийхээр ажлын хэсэг байгуулсан. Тэд сонголтоо хийгээд  үйлдвэртэйгээ гэрээгээ байгуулсан байгаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нэгдүгээрт, нийт гэр хорооллын өрхөд суурилуулах, хоёрдугаарт, зөвхөн угаар мэдэрдэг төхөөрөмж байх шаардлагатай байгаа. Хэрэглээнээсээ хамаараад угаар мэдрэгч нь маш олон төрөл байдаг юм билээ. Жишээлбэл, газ хэрэглэдэг улсад бол давхар газ мэдэрдэг байдаг. Манай улсад бол тийм байх шаардлагагүй. Зөвхөн утаа мэдэрдэг байхад болно. Гэрээ хийгдсэн учир үйлдвэрээс нь шууд авах боломж нээгдсэн. Ингэснээр төсвийн хувьд хэмнэлттэй. Мөн олон жилийн  баталгаа өгч байгаа. Нийслэлийн гэр хороололд 220 гаруй мянган өрх байгаа. Үүнээс сайжруулсан түлш хэрэглэдэг 202 мянган өрх байна. Иргэд угаартсан тохиолдол  жил бүр гардаг учраас нэг стандарттай болъё гэж байгаа юм. Иргэд өөрсдөө дулаанаа үйлдвэрлэж, гал түлж л байгаа тохиолдолд угаартах эрсдэл байгаа. Одоогоор  захиалсан үйлдвэрээсээ угаар мэдрэгч ирэхийг  хүлээж байна. Хэзээ ирж, хэзээнээс тараах нь тодорхойгүй байгаа. 202 мянган угаар мэдрэгч үйлдвэрлээд, хадгалж байгаа үйлдвэр дэлхийн хаана ч байхгүй” гэсэн юм.