УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь  хориг тавьсан юм. Энэ талаар өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийн гурвыг нь хүлээн авахгүй, нэгийг нь хүлээн авч, эргэж харахад санал нэгдсэн тухайгаа танилцуулсан.

Тэгвэл өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан дөрвөн үндэслэлийг АН дэмжиж байгаа тухайгаа танилцуулав. Мөн 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн болон тогтоолын төслийг хэлэлцэж байхад АН-ын зүгээс ч энэ тухай анхааруулж байснаа хэллээ. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг төслийг ардчилсан сонгуулийн зарчмыг зөрчсөн заалтууд оруулсан хэмээн шүүмжлэв.