“Нарны хүү, сарны охин” компанийн хохирогчид яаралтай гомдлоо гаргах шаардлагатай гэв

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан.  Учир нь тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг.

Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдаагүй бөгөөд 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлж байсан.

Харин өнгөрөгч наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ.

Нотлох баримтад авагдсанаар нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон тул өнгөрөгч аравдугаар сарын 23-ны ийнхүү яллагдагчаар татжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зохих шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар нийт 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон. Харин одоогийн байдлаар 200 гаруй иргэн ирж мэдүүлэг тайлбар өгсөн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Иймд энэ байгууллагад залилуулсан иргэд байх юм бол хохирогчид тус дүүргийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)