Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан бөгөөд энэ нь дэлхийд анх удаа хүний эрхийг хамгаалах бүх нийтээр дагаж мөрдөх олон улсын стандарт болжээ. Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг заавал дагаж биелүүлэх хүний эрхийн хэм хэмжээг агуулсан конвенциудыг батлан гаргасан билээ. Өнөөдөр дэлхий дахинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын олон арван гэрээ, конвенцийг улс орнууд соёрхон баталж, нэгдэн орж хэрэгжүүлэх үйл ажиллгагаа өрнөж байна.

Хүний эрхийн талаарх гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл, Гэрээний хороод, Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо, бүс нутгийн байгууллагуудын институт зэрэг олон улсын механизм бүрдэн үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулснаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар дэлхий дахинд болон улс орон бүрт дэвшил гарч байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс болгон Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэрэгжих баталгааны хамт тусган, хэрэгжилтийг хянах ямар нэгэн механизмтай болжээ.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын гэрээ, конвенцуудыг соёрхон батлах, нэгдэн орсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байранд явж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 гаруй гэрээ, конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 20 конвенцид нэгдсэнээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн 4 конвенцийн оролцогч тал болсон байна. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Манай оронд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүний эрхийн зөрчил, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг ноцтой зөрчил буурахгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.

Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм.  Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий.

Өнөөдөр Монголын Хүний эрхийн форум болон Монголын Хүний эрхий үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгууулна. Мөн Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.