СУИС, ДДУС-ийн монгол зургийн багш, С.Ганзамын шавь нарын 20 гаруй зураачдын хамтарсан “Бидний зам” үзэсгэлэн "Монгол" арт галерейд 2019 оны арванхоёрдугаар сарын 08-16 ны өдрүүдэд гарах гэж байна. С.Ганзам нь 1998 оноос хойш багшлахдаа таван удаагийн төгсөлтийн 100 гаруй шавь төгсгөн, дүрслэх урлагийн нэгэн төрөл Монгол зураг хэмээх нарийн, онцлогтой, уламжлалт, урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр иржээ. Багшийн нөр их ажлын хажуугаар өөрийн уран бүтээлийг орхилгүй том хэмжээний бүтээлүүдээ туурвин олон үзэсгэлэнд амжилттай оролцсоор ирсэн. Түүний бүтээлийн дээжээс 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан гаргасан үзэсгэлэнгээс түүний “Цэнгэлийн дээд” 90х90 хэмжээтэй бүтээл шалгаран Франц улсын Луврын музейн сан хөмрөгт худалдан авч Монгол зураачийн цор ганц, дахин давтагдашгүй бүтээл сан хөмрөгт нь хадгалаастай байна. Тус үзэсгэлэнд уламжлалт арга болох даавууг грунтлэж зурахаас гадна холст, арьс, модон дээр усан будаг, гуашь, акрелик, болон бусад холимог техникийг ашиглан бүтээсэн сонирхолтой бүтээлүүд тавигдаж байна. Түүний шавь нараас 2011 онд Гранд арт залуу уран бүтээлчдийн олон улсын үзэсгэлэнгээс Д.Өлзийтогтох 2-р байр, 2012 онд Ж.Мөнхжаргалын “Тэд л хүссэн тэнгэрийн тал” Монгол зургийн бүтээл Оны шилдэг уран бүтээлээр шалгарч Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт худалдан авсан. 2017 онд зураач Ц.Оюун-Эрдэнэ "ЭРДЭНЭ ЗУУ" бүрэн хэмжээний түүхэн сэдэвт монгол зураг бүтээлээр Монголын Зураачдын эвлэлийн нэрэмжит Өндөр Гэгээн Занабазарын хүндэт шагналаар, 2017 онд шавь Р.Энхцэцэгийн бүтээл МУЭ-ийн нэрэмжит шагнал, 2018 онд Л.Хонгорзул Гранд арт үзэсгэлэнгээс гранпри шагнал, Тайваны Тайжун хотын Дадун 24 дэх удаагийн үзэсгэлэнгээс Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээлээр дэд байр тус тус хүртэн Монгол зургаараа дэлхийд танигдсаар байна.