Шинэ Зеландын Уайт Айленд аралд дээрх галт уул дэлбэрч, таван хүн амь насаа алджээ. Дэлбэрэлт болох үед арал дээр 50 орчим хүн байсан гэж үзэж байгаа бөгөөд тэдний  23-ыг нь аварч, тав нь нас барсан болохыг баталгаажуулжээ. Амь аврагдагсдын дунд хүндээр түлэгдсэн хүмүүс байгаа гэнэ. Аврагчдын мэдээлснээр, арал дээр амь байсан хүмүүсийг бүгдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд сүүлд нарийн самналт хийн баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, сураггүй алга болсонд тооцогдож байгаа хүмүүс бүгд амиа алдсан байх магадлал өндөр байна.

This is so hard to believe. Our whole tour group were literally standing at the edge of the main crater not 30 minutes before. My thoughts with the families of those currently unaccounted for, the people recovering now, and especially the rescue workers… pic.twitter.com/mn704hobRk — Michael Schade (@sch) December 9, 2019

Галт уул дэлбэрэх үед арал дээр байсан хүмүүсийн ихэнх нь “Ovation of the Seas” хөлөг онгоцоор аралд очсон зорчигчид байсан аж. Тэд галт уулыг үзэж сонирхохоор очоод байжээ.

“Улаан загалмай” нийгэмлэгийн цахим хуудсанд мэдээлснээр, арал дээр амь насаа алдсан байж болзошгүй иргэдийг ар гэрийнх нь мэдээлэлд үндэслэн тодруулж байгаа юм байна. Одоо тодорхой болсноос үзэхэд, сураггүй бологсдын дунд  Австрали, Шинэ Зеланд, АНУ, Энэтхэг болон Европын хэд, хэдэн улсын иргэд байгаа юм байна.

Уайт Айленд арал нь хувийн эзэмшил бөгөөд өдөр бүр цөөнгүй жуулчид очин үзэж сонирхдог байсан гэнэ. Дэлбэрэлт өчигдөр өдөр орон нутгийн цагаар 14:11 орчимд эхэлсэн аж. Амьд гарсан хүмүүсийн нэг болох Макл Шаде “Дэлбэрэлт болохоос 30-хан минутын өмнө л бид галт уулын тогоон дотор байсан. Тухайн үед аюултай зүйл мэдэгдээгүй ч зохион байгуулагчид тогоо руу орох хүмүүсийн тоог хязгаарлаж байсан. Бид тогооноос гарч онгоцондоо суусны дараа галт уул дэлбэрэхийг харсан. Гал, утаагаар тургиж, аймшигтай зүйл болж байлаа. Бид арлыг орхих гэж байснаа больж, буцаж очоод дахин хэдэн хүн суулгаж аваад хөдөлсөн” гэж ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ.

pic.twitter.com/NcFiCWi2Yf — Michael Schade (@sch) December 9, 2019

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болсон явдалтай холбогдуулж хийсэн мэдэгдэлдээ “Галт уул дэлбэрэх үед арлын ойр орчимд ердийнх шигээ олон жуулчинтай байсан. Тэдний дунд шинэ зеландчууд ч, гадаадынхан ч байсан. Галт уул дэлбэрэх үед ойр дотныхон нь арал дээр байсан хүмүүсийн сэтгэл санаа хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ цагдаагийнхан чадах бүхнээ хийж байгаа гэдгийг л та бүхэнд итгэлтэй хэлж чадна” гэсэн байна.

Галт уул дэлбэрэх үед хийсэн бичлэгээс үзэхэд арал дээр хүмүүс байсан гэдэг нь тодорхой байгаа. Тиймээс амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлал өндөр байна.