Хүн иддэг барнуудыг устгах уу

Энэтхэг улс асар их хүчин чармайлт гаргасныхаа үр дүнд барын тоо толгойгоо бараг дөрөв дахин нэмэгдүүлж чаджээ. Гэвч энэ амжилт нь шинэ бэрхшээлийг авчирсан байна. Энэ нь хүн идэж гаршсан барыг устгах уу гэдэг асуудал юм. Байгаль хамгаалагчид ч, иргэд ч энэ асуудал дээр санал хуваагдаж байгаа юм.

Гоппама Наяка өглөөний 11 цагийн үед л юу болсныг тааварлажээ. Түүний нөхөр ой руу гишүү түүхээр явсан бөгөөд цагийн өмнө ирчих ёстой байв. Гэвч ирсэнгүй. Гоппама хүмүүсийг цуглуулаад нөхрөө хайхаар ой руу явав. Тэднийх Энэтхэгийн барын жинхэнэ эх орон нь болох Бандипурын дархан цаазат газрын нутагт байдаг тул юу болсныг хүмүүс бараг л гадарлаж байв. Хүмүүс ой руу дөнгөж ороод л бүсгүйн нөхөр болох Ханумантхигийн дутуу идэгдсэн цогцос байхыг олж харсан байна. Хажууд нь хүн идэгч бар сууж байсан гэдэг.

Нөхөр нь амь насаа алдсаны дараа Гоппама бүсгүйн амьдралыг уй гашуугаас гадна ядуурал нөмрөн авсан байна. Том хүү нь их сургуулиа хаяж, эхдээ хань болохоор тосгондоо эргэж иржээ. “Одоо би өөртөө итгэлгүй, өөрийгөө бусдаас хамааралтай нэгэн мэт  боддог болсон” гэж тэрээр ярьж байна.

Талийгаач нөхрийнхөө зургийг барьсан Гоппама Наяка бүсгүй, /хоёр талд нь хоёр хүү нь/ охин, ахын хамт. 

Гэхдээ ингэж зовлоо гээд тэрээр нөхрийг нь идсэн барыг үзэн ядсангүй. Тэрээр хүн ч, бар ч шим ертөнцийн нэг л бүрэлдэхүүн хэсэг, нэг, нэгнээсээ огт ялгаагүй гэдэг үүднээс асуудалд ханджээ. Ер нь олон энэтхэгчүүд ийм бодолтой байдаг. Тийм ч учраас төрөөс бодлогоор барын тоо толгойг өсгөж байгаа асуудалд санаагаа чилээгээд байдаггүй аж.    

Тосгоныхны хувьд, баранд хэдий гүн ухаанчаар ханддаг байлаа гээд хүн идээд сурчихсан, байгаа газрыг нь отож байнга ангуучилдаг амьтантай зэрэгцэж амьдрахыг хүсэхгүй нь мэдээж. Тэд хүн идэгч барыг ангуучлахыг дэмждэггүй юм гэхэд эсэргүүцэхгүй нь ойлгомжтой. Гэтэл хүн ам олонтой, энэ хэрээр улс төрийн нөлөө ихтэй том хотуудын иргэд энэ талаар өөр байр суурь барьж байгаа нь шийдлийг гацаажээ.

Газар тариалангийн бүсэд амьдардаг энэтхэгчүүд өөрсдийгөө зэрлэг байгалийн нэг хэсэг гэж сэтгэн, зохицон амьдардаг гайхалтай онцлогтой аж. “Ийм үндэстэн та өөр хаанаас ч олохгүй” гэж Уллас Крант хэлж байна. Уллас бол байгаль хамгаалагч, дэлхийн 50 улсад салбартай Зэрлэг амьтдыг хамгаалах нэгдэл /WCS/-ийн гишүүн, Энэтхэгийн зэрлэг байгалийг судлах ажилд насаа зүтгээд тэтгэвэрт гарсан нэгэн. “Хэрвээ Монтана эсвэл Бразилд байсан бол барнууд маргааш гэхэд л бүгдийг газрын хөрснөөс арчих байсан” гэж тэрээр итгэлтэй хэлж байна. Энэтхэгчүүдийн баранд хандах хандлага нь бүхэлдээ “Амьдар, бусдад ч амьдрах боломж олго” гэсэн зарчимд үндэслэгддэг. Энэтхэг бол барын эх орон. Энэтхэгийн газар нутгийн 25 хувь дээр дэлхийн бүх барын 70 хувь нь амьдардаг. Төр засгийн дэмжлэгийн хүчээр барын тоо толгойг хэрхэн өсгөж байгаа талаар дээр өгүүлсэн. Тэгвэл энэ амжилтын төлбөр нь хүний амь насаар хэмжигдэх болсон нь тоогүй. Барын тоо толгой нэмэгдэхийн хэрээр Энэтхэгийн Засгийн газар дархан газрын хэмжээг мөн нэмэгдүүлж явж байгаа аж. Ингэж нэмэгдүүлэхэд газар тариалан эрхэлдэг тосгонууд дархан газрын хилийн зурвас дотор орчихдог байна. Барнууд мэдээж газар нутаг дээрээ уламжлалт аргаараа л ангуучлах нь мэдээж, ийм нөхцөлд тэдний идэш нь гэрийн тэжээмэл амьтан, зарим тохиолдолд хүн болдог байна.

Уг нь, хүн амын тоо, бусад амьтны халдлагаас болж амиа алддаг хүний тоотой харьцуулбал барын хөнөөл тийм ч их биш. Энэтхэг улсын хэмжээнд жилд 40-50 хүн барын дайралтад өртдөг. Гэтэл зааны дайралтаас болж жил бүр 350-400 хүн амиа алддаг аж. Гэхдээ үүнийг замын осол шиг санамсаргүй байдлаас болж гардаг хэмээн өмөөрдөг ажээ. Хүн идэгч барыг устгах нь зүйтэй гэж үздэг эрдэмтэд ч барыг хамгаалахын тулд ийм үзэл бодол илэрхийлдэг аж. “Бид барын тоо толгойг өсгөе л гэж байгаа бол хүн идэгч баруудыг яаралтай устгах ёстой. Ийм барнууд цөөхөн хувийг эзэлдэг. Гэтэл тосгоны иргэд бүх барнуудын эсрэг босч байна” хэмээн тэд хэлж байгаа юм.

Тосгоныхны хувьд, баранд хэдий гүн ухаанчаар ханддаг байлаа гээд хүн идээд сурчихсан, байгаа газрыг нь отож байнга ангуучилдаг амьтантай зэрэгцэж амьдрахыг хүсэхгүй нь мэдээж. Тэд хүн идэгч барыг ангуучлахыг дэмждэггүй юм гэхэд эсэргүүцэхгүй нь ойлгомжтой. Гэтэл хүн ам олонтой, энэ хэрээр улс төрийн нөлөө ихтэй том хотуудын иргэд энэ талаар өөр байр суурь барьж байгаа нь шийдлийг гацаагаад байгаа аж. Том хотын оршин суугчдынхаар бол хүн иддэг барыг өөр газар аваачаад суллаж тавих юм уу, зөнд нь орхих ёстой гэнэ. Тэд өөрсдөд нь шууд заналхийлээгүй учраас ийм байр суурь илэрхийлж байгаа нь ойлгомжтой. Иргэд, улстөрчдийг талцуулсан ийм нэг асуудал Энэтхэгт одоо болтол шийдэгдэхгүй байгаа аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)