Монгол Улсын эдийн засаг хасах руу орж, эрх баригчид ОУВС-гаас аврал эрсний дүнд 2017 оны тавдугаар сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан. Ингэснээр төсвийн жолоог тэд атгах болж, төсвийн зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Угаасаа аливаа улс орны төлбөрийн тэнцэл хомсдоход ОУВС богино ба дунд хугацааны зээл олгож, ингэхдээ тухайн улсад дагаж мөрдөх тодорхой нөхцөл, шаардлага тавьж зөвлөмж өгдөг нь тэдний үйл ажиллагааны чиглэл юм. Мэдээж орлогоо нэмэх гэдэгт татвараа өсгө гэдэг “даалгавар” дагана. Энэ дагуу  тээврийн хэрэгсэл, шатахуун, архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, орлогын татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Мэдээж энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлөх татварууд тул эсэргүүцэлтэй тулсан.

ОУВС-гийн зөвлөмжөөс буцсан эхний тохиолдол нь Шатахууны онцгой албан татварыг нэмэх үүрэг хүлээсэн ч эсрэгээрээ Аи 92, 80 автобензиний татварыг тэглэсэн явдал юм. 2017 оны төгсгөлд шатахуун импортлогчид татвар нэмэхийг эсэргүүцэж үнээ нэмж, шатахууны хязгаарлалт хийснээр эцэст нь Засгийн газрыг ОУВС-тай хэлэлцээрийн ширээнд суухад хүргэсэн юм.

Тэгвэл ОУВС-гийн зөвлөмжөөс буцсан дараагийн тохиолдол нь нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувиар өсгөх шийдвэрээ эргэж харах Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан шийдвэр боллоо. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн өгсөн зөвлөмжөөр 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд нэг  2019, 2020 онд тус бүрт нь хоёр хувиар үе шаттайгаар нэмж  нийт таван пунктээр өсгөхөөр болсон. Ингэснээр нийгмийн даатгалын хувь 2020 онд 26 хувьд хүрнэ. Өнөөдөр иргэд 24 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энгийнчилбэл, 840.000 төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалынхаа 24 хувийн 11.5 хувийг буюу 96.600 төгрөгийг өөрөө төлөх бол ажил олгогч, байгууллага 12.5 хувь буюу 102.500 төгрөгийг нь төлдөг. Тэгвэл 2020 онд 26 хувьд хүрснээр таны төлөх мөнгө 102.500 болж, байгууллагаас төлөх нь 113.400 болох юм. Энэ нь олны эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үеэр Ерөнхийлөгч 2020 оны Төсвийн тухай хууль болон хамт  өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд буюу НДШ-тэй холбоотой асуудалд хэсэгчлэн хориг тавьсан юм.

Тэгвэл энэхүү хоригийг МАН-ын бүлэг өнөөдөр хүлээн авахаар болсон тухайгаа мэдээллээ. Ингэснээр НДШ-ийг хоёр хувиар нэмэхийг болиулах, эсвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэдэг хугацааг хойшлуулах, эсвэл хоёр хувийг бууруулах гэсэн сонголт байгаа аж. Харин үүнийг ОУВС-гийн зүгээс хүлээн авахгүй байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм.