Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын нэгэн үйлдвэрт өчигдөр гал гарч багаар бодоход 43 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн ажилчид байсан байна. “The Times of India” сонины мэдээлснээр, аврагчид галаас 50 хүний амь насыг аварч чадсан гэнэ. Гэхдээ гал гарах үед үйлдвэрт яг хэчнээн хүн байсныг тогтоож амжаагүй тул амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай аж.
Ерөнхий сайд Нарендра Моди үйлдвэрт гарсан түймрийг “Онцгой аймшигтай” гэж нэрлээд амь насаа алдаж хохирсон иргэд, тэдний гэр бүлийнхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа хэмээн уй гаршууг нь хуваалцсан байна. Тэрээр түлэгдэж гэмтсэн хүмүүст хурдан эдгэхийг ерөөгөөд төр засгийн зүгээс боломжтой бүхнээр тусална гэж амлажээ. Үүнтэй нэг адил утгатай эмгэнэлийн мэдэгдлийг Ерөнхийлөгч Рам Натх Ковинд гаргажээ.
Шатсан үйлдвэрт гар цүнх, бусад оёмол эдлэл хийдэг байсан аж.