103 дугаарт нэг өдөр 4000 орчим дуудлага ирснээс, 90 орчим нь хуурамч дуудлага байжээ

МШУТ-д өдөрт ирдэг нийт дуудлагын 70 хувь нь шаардлагагүй, хуурамч дуудлага байдаг

Саяхан нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны уулын бэлд эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад машинтайгаа цасан суусан. Туслаарай” гэж нийтэлсэн. Үүний дагуу Зүүнхараагийн онцгой байдлын хэлтэс болон сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид аврахаар очсон боловч уг мэдээлэл хуурамч болохыг тогтоосон байгаа юм. Энэ бол яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй байгууллагуудад ирдэг хуурамч дуудлагын нэг юм. Гэвч ийм хуурамч дуудлага мэдээллийн цаана, жинхэнэ тусламж хэрэгтэй иргэд хохирсоор байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гал түймэр, цасан шуурганд төөрсөн зэрэг гэнэтийн ослын үед иргэд 101, 103, 105 зэрэг утсаар онцгой, цагдаа, түргэн тусламж дууддаг. Гэхдээ тусламж үнэхээр хэрэгтэй байгаа дуудлагын хажуугаар хуурам дуудлага хийх, тоглох тохиолдол гарсаар байгаа юм. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд эдгээр утсанд өдөрт 10 мянга орчим дуудлага ирдгээс ердөө 30 хувийг нь л бодит дуудлага эзэлж байна. Үлдсэн 70 хувь шаардлагагүй, хуурамч дуудлага байгаа юм.   

МШУТ-ийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Борбанди “Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102, 103 тусгай дугаарт хоногт дунджаар 10 орчим дуудлага ирдэг. Үүнээс тусламж үзүүлэх шаардлагатай бодит дуудлага 30 орчим хувийг л эзэлдэг. Үлдсэн хувийг нь хуурамч дуудлага байдаг” гэв.

Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авахын тулд 103 утсанд дуудлага хийдэг. Энэ дугаарт өдөрт 4000 гаруй иргэн хандсан байгаа юм. Үүнээс 90 орчим дуудлага нь хуурамч, тоглосон дуудлага байсан байна. Энэ бол цэвэр иргэдийн хариуцлага, ухамсар, соёлын асуудал гэдгийг зохицуулагч нар онцолж байна. 6 шугамаар дуудлага авдаг бөгөөд 1 шугамын цаана 10 дуудлага зэрэг орж ирдэг юм. Өөрөөр хэлбэл, нэг хуурамч дуудлагын цаана аминд тулсан яаралтай тусламж хэрэгтэй байгаа 10 иргэн байдаг гэсэн үг юм.

МШУТ-ийн 103-ын хэлтсийн ахлах зохицуулагч Х.Дэнсмаа “Хуурамч дуудлагын сөрөг үр дүн нь эдгээр зургаан шугамаар яаралтай орж ирж байгаа дуудлагуудыг хаана гэсэн үг. Учир нь нэг дуудлагын цаана арваад дуудлага хүлээгдэж байдаг. 103 төвд дуудлага өгөн тухайн хаяг дээр очиход манайх дуудлага өгөөгүй гэж дуудлага хаагдах тохиолдол цөөнгүй бий. Эргээд дуудлага өгсөн тухайн дугаар руу залгахад утсаа авахгүй эсвэл утсаа салгасан байдаг”

МШУТ-ийн 101, 105-ын ерөнхий зохицуулагч Д.Батболд “Хуурамч дуудлага бүр дээр зардал чирэгдэл гаран нөгөө татвар төлөгч, төсвийн мөнгө хий дэмий үрэгдэж байна. Тиймээс энэ тал дээр одоо авч байгаа арга хэмжээний торгууль, шийтгэлийг өндөр байлгах, эсвэл тухайн хуурамч дуудлага өгсөн иргэнийг тусгай дугаар руу дахин залгахгүй байх нөхцөл байдал дээр арга хэмжээ авч хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй гэж боддог”

Хуурамч дуудлагын нэг жишээ дурдая. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эмээлтээс дуудлага ирж алба хаагчид 2 цаг гаруй хугацаанд явж очтол, дуудлага өгсөн иргэн алба хаагчдын өөдөөс “4-н сарын 1-н” гэж хэлж тохуурхсан тохиолдол хүртэл гарч байжээ. Энэ бол инээдэм биш юм. Хэрвээ тухайн иргэн хуурамч дуудлага өгөөгүй бол өөр хэдэн хүний амь, эд хөрөнгийг аврах байсан бэ гэдэг асуултад хариулахад ч бэрх байгаа юм.

Хуурам дуудлага дуудсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгодог. Үүнээс өөр хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байгаа юм. Үүний эсрэг онцгой байдлын байгууллагаас хувь хүний хариуцлагагүй, тоомжиргүй, хэнэггүй байдлаас үүссэн нөхцөл байдлын улмаас дуудлага ирсэн тохиолдолд төлбөр тооцдог болох тухай санал боловсруулсан. Гэвч Төсвийн болоод бусад хууль тогтоомжид нийцэхгүй гэсэн үндэслэлээр энэ санал дэмжигдээгүй байна. Тиймээс хувь хүн өөрөө ухамсартай байхыг энэхүү мэдээгээр зөвлөж байна. Мөн хуурамч дуудлага хийсэн дугааруудыг цуглуулж дата үүсгэж байгаа гэнэ. Үүнд таны дугаар орвол яг тусламж хэрэгтэй үед холбогдож чадахгүй ч нөхцөл байдал үүсч болзошгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)