Зургаан сая төгрөгийн буцаан олголт өгөхийн тулд цахим төлбөрийн баримт шаардана
Татварын буцаан олголтын 6 сая төгрөгийг 2020 онд орон сууц худалдан авсан, гэрчилгээ нь гарсан, байшин барьсан иргэд авна. Өөрөөр хэлбэл, 2020 оноос өмнө орон сууц худалдан авч, байшин барьсан байгаад татварын хөнгөлөлтөө эдэлж амжаагүй иргэдэд одоогийн мөрдөж байгаа хуулиар 3 сая төгрөгийг буцаан олгох юм.

ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан иргэдэд буюу байр худалдан авсан, барьсан зургаан сая төгрөгийн хөнгөлөлт хэрэгжээд явна”
Татварын буцаан олголт авахын тулд ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэх ёстой. Өмнө бүрдүүлдэг байсан материалаас бага бичиг баримт шаардаж, 4 төрлийн лавлагааг Хур системээс шууд гаргах юм. Бүрдүүлэх бичиг баримтын тоо багассан нь оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд ч мөн хамаатай. Харин ААН-үүд 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол ААН-үүд орлогоо тайлагнаад татвараа 10 хувиар нь төлсний дараа төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. 300 саяас доош төгрөгийн орлоготой татвар төлөгч шууд 1 хувийн татвар төлнө.
Аж нэгжүүд хуульд заасан хугацаандаа татвараа төлбөл 90 хувийг буцаан авах боломжтой

ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаа “Аж нэгжүүдийн хувьд та хуульд заасан хугацаандаа татвараа төлбөл 90 хувийг буцаан авах боломжтой. Буцаан авах хугацааг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн буцаан олголт ажлын 30 хоногт шийдвэрлэгдэн буцаан олгогдохоор болсон. Харин бусад хөнгөлөлтийн хувьд хоёрдугаар улиралд багтаан буцаан олголтыг шийдвэрлэхээр тусгагдсан”
Татварын эдгээр хөнгөлөлтийг эдлэхийн тулд ААН-үүд заавал цахим татварын системд холбогдсон, иргэдэд баримт өгдөг байх учиртай. Түүнчлэн орон сууцны хөнгөлөлт эдлэх бол худалдан авсан төлбөрийн и-баримт, байшин барьсан бол материал худалдан авсан төлбөрийн баримт шаардлагатай.