Хятад инженерүүд далайн хамгийн гүн хэсэгт ажиллах чадвар бүхий шумбагч онгоцныхоо угсралтын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. Шумбагч хөлгийн нэрийг хараахан бодож олоогүй байгаа ч, энэ хөлөг дэлхийн танигдаагүй нууцлаг хэсгүүдийн нэг болох Номхон далайн Марианы хонхорт 10 мянган метрийн гүнд судалгаа шинжилгээ хийх ажээ. Одоогийн байдлаар шумбагч онгоцны доторх тоног төхөөрөмжүүдийг  суурилуулж байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд цахилгаан хөдөлгүүрийн ажлыг дуусгаж, төлөвлөгөөт шумбалтаас өмнө Вуши нууранд туршилтын шумбалт хийхээр зэхэж байна гэж төслийн багийнхан мэдэгджээ. Энэхүү шумбагч хөлөг нь далайн түвшнээс доош 10 мянган метрийн гүнд хүн төрөлхтнийг аваачих дэлхийн хамгийн анхны шумбагч байх болно гэдгийг албаныхан хэлж байна. Мөн ийм өндөр хүчин чадал бүхий шумбагч хөлгийг Хятадын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн гараар бүтээн байгуулж байна гэж төслийн менежер Лю Жиаруй “Marintec China 2019” далайн технологийн үзэсгэлэнгийн үеэр онцлон тэмдэглэсэн байна. Эрдэмтэд өмнө нь Марианы хонхорт шумбах аяллыг нарийн төвөгтэй, бүтэшгүй зүйл гэж үзэж байсан бол энэ шумбагчийн ачаар хүн төрөлхтний нээн илрүүлээгүй далайн гүний нууцад нэвтэрч чадна гэж тэд найдаж байгаа аж.  Төсөлд Хятад улсын усан онгоц үйлдвэрлэх корпус, Хятадын шинжлэх ухааны академийн харъяа 30 орчим хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид гар бие оролцож байна. Инженерүүд далайн гүний хэт өндөр даралтыг тэсвэрлэх чадвартай титан гадаргуу болон хэт гүнд ажиллах чадвартай холбоо харилцааны тоног төхөөрөмжүүдийг бүтээхэд маш их хүчин чармайлт гаргасан байна. 10 мянган метрийн гүнд усны өндөр даралтыг тэсвэрлэж чадах эсэхийг баталгаажуулахын тулд энэ шумбагч хөлөг асар олон туршилт давсан гэж төслийн багийнхан онцолжээ. Далайн гүнд шумбах ажиллагааны үеэр гурван гишүүн авч явах бөгөөд энэ шумбалт 10 цаг орчим үргэлжилнэ гэж эрдэмтэд тооцоолж байна. Усанд шумбах болон буцаж гарч ирэх цагийг тооцолгүйгээр далайн хамгийн гүн ёроолд хоёр цаг орчим ажиглалт судалгаа хийх ажээ. Хятад улс одоогоор “Тэнгисийн  луу”, “Тэнгисийн дайчин” хэмээх далайн гүний хоёр шумбагч онгоцтой бөгөөд “Далайн луу” шумбагч 2010 онд ашиглалтанд орсноор Хятад улс Америк, Франц, Орос, Япон улсуудын дараагаар далайн гүний хайгуулын технологи бүхий тав дахь улс болсон юм. “Тэнгисийн луу” шумбагчийн тухайд, 2012 онд Марианы хонхорт ажиллах үеэрээ 7062 метрийн гүнд шумбаж байжээ. Харин “Тэнгисийн дайчин” шумбагч 4500 метрийн гүнд ажиллах чадвартай бөгөөд өдгөө шинжлэх ухааны эрчимжсэн үйл ажиллагаа явуулж байна. Хятад улс 2030 онд далайн гүний станц байгуулахаар төлөвлөж байгаа учраас ийнхүү судалгаа шинжилгээний ажлуудаа эрчимжүүлж, техник технологио сайжруулж байгаа гэнэ.