Манай улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-нд жилийн эцсийн мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс энэхүү ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.

ҮСХ-ны мэдээгээр манай улсын мал сүргийн тоо өнгөрсөн 2018 оны жилийн эцэст 66 сая 500 мянган толгойд хүрсэн байна. Энэ нь 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн дүнт ажээ. ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ 2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоотой байгаа юм байна.

Тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого ирэх 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс орон даяар эхлэх юм.