Монголын зэсийн ирээдүй

Монгол Улсын эдийн засаг алт, зэс, нүүрс гэсэн эрдсээс бүрддэг гэхэд болно. Ингэхээр харилцан шүтэлцээнийх нь хувьд Монголын эдийн засгийг эдгээр эрдсээс салгах аргагүй. Гэвч энэ нь шавхагдашгүй баялаг биш. Мөн цаг хугацаа, нийгмийн хувьсал, хөгжлийг дагаад үнэ цэнэ, хэрэгцээ нь өөрчлөгддөг. Тэр утгаараа эдгээр гурван эрдсийн нэг Монголын зэсийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа, ирээдүй нь хаашаа чиглэх вэ гэдэгт анхаарлаа хандууллаа.

Зэс ба төлөв

Монголын зэсийн төлвийг ярихад “Эрдэнэт” үйлдвэр, “Оюу Толгой” дурдагддаг. Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2015 онд Монголын зэсийн нийлүүлэлт хэтийн төлвийг гаргахдаа Оюутолгой 2017-2021 онд 600 мян.тн, 2022-2027 онд 1.5 сая тн, “Эрдэнэт” үйлдвэр жилд 500 гаруй мян.тн баяжмал үйлдвэрлэнэ. Харин “Цагаан суварга”- ын ордоос жилд дунджаар 310 мян. тн, 2018-2022 онд 1.5 сая тн, 2022-2027 онд 2.4 сая тн (зэсийн агууламж өндөр үе) үйлдвэрлэнэ гэдэг тооцооллыг албан ёсоор гаргаж байсан тухай Төв банкны “Зэсийн зах зээлийн судалгаан”-д дурджээ. Тэгвэл энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 964.7 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнийг хоёр компанид тус бүрт нь задлан үзүүлье.

“Эрдэнэтийн овоо”-ны орд газар дахь “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг анх 1972 онд 4.2 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хүдэртэй гэж ТЭЗҮ баталж, 36 жил ашиглах боломжтой гэж үзсэн. Түүний дараа геологи хайгуулын ажил хийж 2017 онд 7.6 сая тонн зэс, 320.3 мянган тонн молибден, хоёр тэрбум тонн нөөтэй гэж тогтоон 40 жил ажиллана гэж хугацааг уртасгасан. Үүнээс жилийн дараа буюу өнгөрсөн онд геологи, хайгуулын ажлаа эрчимжүүлж, урьдчилсан тооцоогоор 60 орчим жил ажиллах боломжтой гэж үзжээ. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэр жилд 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа. Энэ оны эхний есөн сард гэхэд 477.8 мянган тонн баяжмал худалдсан. Тэгвэл Оюутолгой орд 45.032 сая тонн зэс, 1.838 тонн алт агуулсан, 157 мян. тонн молибден, 12 мян.тонн мөнгө, нийт 6.451.5 сая тонн хүдрийн геологийн нөөцтэй гэж батлагдсан. 2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113.400 тонн, баяжмал дахь алт 217.500 унци олборложээ. Эхний арван сард 588.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ. 

Зэс ба төсөв 

Энэ онд Монгол Улс төсөвтөө 9.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсоны гуравны нэг нь буюу гурван их наяд нь уул уурхайн нуруун дээр буусан. Бүр задалбал, нүүрс 1.3, зэс 1.7 их наяд төгрөгийг олох болсон. Тэгвэл одоогоор уул уурхайн салбарын орлого хоёр их наяд даваад байна. Үүний их наяд нь төлөвлөгөө ёсоор зэсийн орлого юм. Одоогоор ямартай ч зэсээс Монгол Улс төлөвлөгөө ёсоор орлогоо төвлөрүүлж чадаж байна. Ирэх онд харин зэсийн “оролцоог” бага зэрэг хассан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд 1.4 сая тонн зэс гадагшаа худалдахаар төлөвлөөд байсан бол 2020 онд энэ тоог бууруулж, 1.2 сая тонн болгосон юм. Ийнхүү бууруулсан нь хоёр шалтгаантай юм байна. Нэгдүгээрт, Монголын зэсийн анхдагч “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа. Хоёрдугаарт, Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбоотой гэж Сангийн сайд тайлбарласан. Оюутолгой бол үйлдвэрлэл, олборлолт ид өрнөж яваа орд. Гэсэн ч том төслийн зовлонгоор сорилт өчнөөн бий. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа нь 36 сараар хойшилж, санхүүжилт нэмэгдсэн. Ирэх жил хэдэн шалтгааны улмаас энэ компанийн хувьд сорилтын жил ч гэж хэлж болохоор байгаа.

Шинжээч Г.Батзориг 

Оюутолгойн хөрөнгө оруулалт 250 сая ам.доллараар буурлаа. Мөн баяжмал дотроо алтны агууламж нь өсөж, буурдаг цикл байдаг юм байна. Ирэх онд Оюутолгойн баяжмал алтны агууламж буурах цикл таарч байгаа. Далд уурхайн санхүүжилт нэмэгдэж, бүтээн байгуулалт нь хойшилсон. Мөн улстөржилт маш их байна. Оюутолгой бол Монголын зэсийн өнөөдөр гэж болно. Тэгэхээр энэ мэт сорилт Монголын зэсийн салбарт өндөр байна. Эдгээр хүчин зүйлс нь орлого тасалдах эрсдэлтэй. Уул уурхайн салбар төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнээс зэс, нүүрс тус бүр их наяд төгрөг төвлөрүүлдэг. Гэвч ирэх жилд зэсийн
орлого эргэлзээ дагуулна.

Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэр хайгуул, геологийн ажлаа үргэлжлүүлж байгаа ч гарц буурна уу гэхээс нэмэгдэх нь юу бол гэдэг байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа. “Эрдэнэтийн овоо” орд нь Монголыг сүүлийн 40 жил тэжээсэн. Дуусашгүй баялаг гэж ертөнцийн хаана ч байхгүй тул энэ ойлгомжтой л асуудал.

Дараагийн “Эрдэнэтийн овоо”, “Оюутолгой”

Монголын зэсийн ирээдүйг тодорхойлох, Эрдэнэтийн овоо, Оюутолгойн ордыг орлохоор урагшилж буй төслүүд бол Цагаан суварга, Хармагтай юм. Хоёулаа гарааны зурхайд ирсэн төсөл. Цагаан суварга ордыг эзэмшдэг “МАК” ХХК нь тус ордыг ашиглан зэс, молибденийн төсөл хэрэгжүүлж байгаа нь одоогоор энэ салбарт өрнөж буй бүтээн байгуулалтаас хамгийн амжилттай яваа нь. Тус ордыг 240.1 сая тонн зэс молибденийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Мөн 14.6 сая тонн хүдэр олборлон 17.4 жил ашиглах бөгөөд хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөх тооцоотой гэдэг. Баяжуулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 2012 оноос эхэлсэн. Баяжуулах үйлдвэр нь жилд 14.6 сая тонн сульфидийн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс жилд 316.000 тонн зэсийн, 4.400 тн молибденийн баяжмал гаргаж авахаар тооцож буй. Төсөл амжилттай яваа ч улстөржилтийн улмаас санхүүжилт, лицензийн маргаан үүссэнийг санаж байгаа биз. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Хармагтайн орд Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг хамардаг. Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг. Ордын нөөцийг Австралийн Жорк стандартаар 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлсон. Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тонн тутамд 0.59 грамм алт байдаг. Ордын эзэмшигч нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани юм. Одоогоор төсөл
хайгуулын шатандаа яваа. 

“Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт 

Энэ орд Оюутолгойтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээлд өрсөлдөхүйц болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтойг хайгуулын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй.

Зэс нүүрсээ бодвол ирээдүйд эрэлттэй бүтээгдэхүүн. Мөн бид дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай ойр оршдог. Мөн нүүрснээс ялгаатай нь зэсээ дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулдаг. Олон улсын байгууллагууд зэсийн төслүүд дээр орж ирсэн учир гэрээ нь ч өндөр түвшинд байгаа. Ингэхээр Монголын зэсийн ирээдүйг гэрэлтэй гээд товчхон дүгнэхэд болохуйц.

Эдийн засагч Н.Энхбаяр 

Эрдэсийг металлын ба металлын бус гэж хоёр бүлэгт хуваадаг. Металлын бүлгийн үнэ харьцангуй тогтвортой байдаг. Огцом өсөлт, бууралт бага. Бидний хамгийн болгоомжлох ёстой зүйл бол металлын бус эрдсийн үнэ. Нүүрс, нефть гэх мэт эрчим хүчний эрдсүүд. Зэсийн хувьд тогтвортой, асуудал багатай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Delhii eejiinhee eleg booriig idej bna

    0 0 Хариу бичих