Монголд “чимээгүй” урагшилж яваа нэг салбар бол хүнсний үйлдвэрлэл. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хангамж, өргөжин тэлж буй олон төрлийн хэрэглээг дотоодын үйлдвэрлэл хангахуйц болсон нь сайхан. Мах, гурилын үйлдвэрлэлээр шангаа татаж байсан хүнсний үйлдвэрлэл өнөөдөр тоолоход ч бэрх болжээ. Томоохон зах, худалдааны төвийн хүнсний тасагт дотоодын үйлдвэрүүдийн бэлтгэн нийлүүлсэн сүү, тараг, өрөм, бяслаг, төрөл бүрийн зайдас, хиам, махан бүтээгдэхүүн ч олонтаа. Түүнээс гадна хэрчсэн гурил, гоймон, нарийн боов, талх, өндөг, зайрмаг гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн ч цөм дотоодынх.

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хувийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүнсний үйлдвэрлэл хамгийн багадаа 2012 онд 14.9 хувийг эзэлж байсан бол хамгийн их хувийг эзэлж байсан нь 2015 онд 47.3 хувь юм. Одоогоор улсын хэмжээнд нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байна. Давхардсан тоогоор найм нь ангилсан мах, 115 нь дулааны аргын боловсруулсан махан бүтээгдэхүүн буюу хиам, нөөшилсөн мах үйлдвэрлэдэг. Эдгээрийн нийт суурилагдсан хүчин чадал хоногт 128 тонн юм. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхэд жилд 30 орчим мянган тонн байгаа. Тэгвэл гурилын үйлдвэр 63 бий. Эдгээр нь жилд 942 мянган тонн үр тариа тээрэмдэх хүчин чадалтай. Ойролцоогоор жилдээ 240 мянга орчим тонн гурил үйлдвэрлэдэг. Түүнчлэн гурилан бүтээгдэхүүний 920 үйлдвэр бий. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд 50 мянган тонноор хэмжигддэг юм. Үүн дээр нэмээд 30 орчим бялууны үйлдвэр бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 230 үйлдвэр, цех, 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая литр. Өнгөрсөн онд Монгол Улс 134.9 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 55.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Дотоодын нийт үйлдвэрлэлийн 15 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байгаа юм. Товчхондоо, хүн амын хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүнээ Монгол Улс дотоодоо үйлдвэрлэн боловсруулж чадаж байна.

Ирээдүйтэй салбарууд өнөөдөр

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл жил бүр алдагдалтай гардаг. Өөрөөр хэлбэл, импорт нь экспортоосоо давдаг. Ингэхээр Монгол Улс валют гаргах нь оруулахаасаа их гэсэн үг. Мөн экспортод уул уурхайн бүтээгдэхүүн л жин дарахаас хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн хуруу дарам.

Хэдий ийм ч дотоодод импортыг орлох үйлдвэрлэлүүд шилээ даран гарч, зах зээлд ч амжилттай байна. Үүний нэг нь дотоодын зайрмагны үйлдвэрлэл. Импортын хэрэглээг бууруулж дотооддоо нэмүү өртөг шингээхээр “Тэсо” группийн “Айсмарк” компани, “Сүү” ХК, “Batos”, “Хаан сүү”, “Итали зайрмаг” компаниуд зайрмагны үйлдвэрлэл эрхэлж байна. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд хөдөө орон нутагт зайрмагны  цехүүд ажиллаж байгаа юм. “Тэсо” группийн “Айсмарк” зайрмагны үйлдвэр нь 2003 онд үйлдвэрлэлээ эхэлсэн. Одоогоор 30 гаруй төрлийн зайрмагийг ОХУ-ын технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Компанийн мэдээлж байгаагаар дотоодын зайрмагны зах зээлийн 47 хувийг хангадаг аж. Үйлдвэрлэгчид байгаль, цаг уурын онцлогт нийлцүүлэн аарц, чацаргана, нэрстэй зайрмаг үйлдвэрлэдгийг хэрэглэгчид хэдийнэ мэднэ. Харин хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг болох “Сүү” ХК 2005 оноос зайрмагны үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Одоогоор “Аморе” нэрийн зайрмаг үйлдвэрлэж буй. Тус компани анх 2012 онд үйлдвэрлэлээ шинэчлэн Итали технологиор цагт 6000-7000 ширхэг, 20 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Харин 2007 онд байгуулагдсан “Итали зайрмаг” компани Италийн “Gelato” зөөлөн зайрмагны технологийг Монголд анх нэвтрүүлсэн. Одоогоор Итали, Германаас тоног төхөөрөмж болон түүхий эдээ нийлүүлж 15 төрлийн амт бүхий зайрмаг үйлдвэрлэж байна. “Хаан сүү” компанийн хувьд 1998 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн. 10 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Түүхий эдээ фермерийнхээ аж ахуйгаас нийлүүлж, цэвэр шингэн сүүгээр зайрмагаа үйлдвэрлэдэг аж. Монголчууд өдгөө дотооддоо 100.6 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэж байна.

Монгол Улс сүүлийн 10 жилийн дотор зайрмагны үйлдвэрлэлээ 7 дахин нэмэгдүүлсэн байна. Мөн сайн үзүүлэлт шүү. Жилдээ бид 100 орчим сая ширхэг зайрмаг үйлдвэрлэдэг гэнэ. Тэгэхээр нэг монгол хүнд жилд 30 монгол зайрмаг ногдож байна.

Дэмжих бодлого буюу үйлдвэрлэгчдийн зовлон

Монголын хамгийн ашигтай бизнесийг “Метро Девелопмент” группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн цахим хуудастаа нэрлэжээ.  1. Улс төр- тендер, концесс, сан 2. Мөнгө хүүлэлт- ББСБ, ХЗХ 3. Коксжих нүүрс зарах 4. Алт ухах 5. Хүнсний сүлжээ 6. Хүнсний үйлдвэрлэл+ тамхи 7. Түрээс+ барилга.

Тэрээр хэдий ёжилсон өнгө аяс илэрхийлсэн ч үнэнээс зөрөөгүй тул жишээ татлаа. Ингэхээр ашигтай бизнесээс хамгийн өгөөж ихтэй, зах зээлээ алдахгүй нь хүнсний үйлдвэрлэл байгаа юм. Тэгвэл Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл, дэмжих бодлого ямар байна вэ. Мэдээж, хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамж талаасаа баримтлах бодлого, эрх зүйн орчин цаасан дээр, тамгатайгаа хангалттай бий.

Манайх боловсруулах үйлдвэрийн төслийг нэлээд дээгүүр тавьж байна. Сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн дайвар боловсруулах үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах гэх мэт. Үүнийг Засгийн газраас хуулийн хүрээнд бүсчлэн тогтоосон. Аймаг бүрээс судалгаа авч, санал авсан.

Харин бодит байдал дээр арилжааны банкны хөнгөлөлттэй зээлээс өөр дэмжлэг алга. Өнөөдрийн зах зээл дээр оршин байгаа үйлдвэрүүд олон жилийн турш тогтвортой ажиллаж, хөл дээрээс боссон тулдаа тэсч байгаа. Харин шинээр үйлдвэрүүд “төрөх” боломж нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой л адил. Тодорхой жишээ татахад, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан “ЖДҮХС-д 2752 иргэн, аж ахуйн нэгж 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсэж төслөө хүргүүлсэн. Ингэхэд улсын төсвөөс 47 тэрбум, Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөсөө гурван тэрбум төгрөг өгөхөөр болсон. Нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно” гэсэн юм. Үүнээс санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжийн тоо, олгох хэмжээ нь тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг харсан байх.