УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойгоос их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл “Тавантолгой” компанийн ажилчид өнөөдөр мэдээлэл хийж, нүүрсний хулгай гэх мэдээлэл гүтгэлэг гэдгийг хэлэв. Тухайлбал, “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Махгал нүүрсний хулгай гэх асуудлаас болж “Тавантолгой” компанийн 200 гаруй ажилтан сэтгэлзүйн дарамттай ажиллаж байгааг хэлэв. Тэрбээр “Энэ компанид ажиллаж байгаа жирийн ажилчдыг зөвхөн ажлаа хийгээд явж байгаагийнх нь төлөө хулгайч болгож нийгэмд харагдуулж байна. Нүүрс хулгайлсан гэх асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулж, компанийн санхүү, нийгмийн хамгааллын асуудлыг гурван жил зогсоолоо. Хулгай хийсэн гэж манай компанийг гурван жил гүтгэлээ. Тийм их хэмжээний нүүрс хулгайд алдагдаж, хилээр гарсан байх ямар ч боломжгүй. Манай компанийг удаа дараа гүтгэж буй УИХ-ын гишүүн Л.Энхболдыг уучлал гуйхыг бид шаардаж байна” гэсэн юм. Улмаар “Тавантолгой” компанийн захирлаар өөрийн намын хүнийг томилохын тулд ийм гүтгэлэг гаргаж байгааг тус компанийн ажилчид хэлэв.