Төсвийн алдагдлыг нөхөх 250 сая ам.доллар

Л.Энхдэлгэр


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар 250 сая ам.долларын зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдаас татаж чадсан. Энэ мөнгө Сангийн яамны дансанд шилжиж орж ирсэн” хэмээн мэдэгдлээ. Ингэснээр манай улсын Засгийн газрын өр дахин нэмэгдэж байна. 

Засгийн газрын өр дахин 250 сая ам.доллараар нэмэгдлээ.

Сангийн сайд Б.Болор өмнө нь хэд хэдэн удаа Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татахаар ажиллаж байгаа гэдгийг мэдэгдэж байсан. Гэвч Засгийг огцруулах өргөх бичиг барьсны дараа бондын хүү өссөнөөр энэ ажил гацаанд ороод байсан юм. Шинээр татаж чадсан 250 сая ам.долларын эх үүсвэрийн хүүгийн хувь болон хэдэн жилийн хугацаанд эргэн төлөгдөх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн бондын хөрөнгийг юунд зарцуулах талаар ч одоогоор нэгдсэн мэдээлэл гараагүй байгаа юм.

Гэхдээ үүнээс өмнө яригдаж байсан концепцоор бол Засгийн газар цаашдаа төсвийн алдагдлыг дотоодын эх үүсвэрээр нөхөхгүй. Өмнө нь дотоодын зах зээл дээр үнэт цаас гаргаж, хөрөнгө татдаг байсан. Энэ нь дотоодын зах зээл дээрх эх үүсвэрийг хумих, цаашлаад хэт өндөр хүү амладаг гэх зэргээр алдагдал ихтэй байсан юм. Тийм учраас цаашдаа төсвийн алдагдлыг гадаадын зах зээлээс бага хүүтэй татсан мөнгөөр санхүүжүүлнэ гэж байсан. Хэрэв энэ логикоор харвал 250 сая ам.долларын санхүүжилтээр төсвийн алдагдлыг нөхөхөөр болж байх шиг байна.

 250 сая ам.долларын санхүүжилтээр төсвийн алдагдлыг нөхөхөөр болж байх шиг байна.

Бүртгэл, статистикийн газраас саяхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хоёрдугаар сарын төлөв, байдлыг танилцуулсан. Хоёрдугаар сард төсөв 259 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд гарч буй хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг статистикчид онцолсон юм. Түүнчлэн Сангийн сайд асан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Төсвийн санхүүжилт тун хүнд байна” хэмээсэн байгаа. Энэ цаг мөчтэй зэрэгцэн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдаас дахин 250 сая ам.долларын эх үүсвэр татлаа.

Хоёрдугаар сард төсөв 259 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

250 сая ам.доллар гэдэг үндсэндээ 500 тэрбум төгрөг. Хэрэв төсвийн алдагдлаа нөхнө гэж тооцвол энэ мөнгөний 50-иас илүү хувь нь шууд зарцуулагдах нь. Дээр нь Засгийн газарт бас нэгэн өр төлбөр үүссэн нь “Хан Ресурс”-тай холбоотой. Засгийн газар хэлэлцээр хийснээр 100 сая ам.долларын төлбөрийг 70 сая ам.доллар болгож бууруулсан. Хэдийгээр 100 саяыг 70 сая болгож бууруулсан нь амжилттай ч энэ мөнгийг хаанаас төлөх вэ гэх асуулт гарч ирж буй. Лав 2016 оны төсөвт “Хан Ресурс”-т төлөх мөнгө суугаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Хан Ресурс”-т мөнгөө төлье гэвэл төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Аль эсвэл гаднаас дахин зээл авч, өрийг өрөөр санхүүжүүлэх.

Тэгэхээр 250 сая ам.долларын зээлээр Засгийн газар эхний ээлжинд төсвийн алдагдлаа хаах нь. Харин дараа нь “Хан Ресурс” гэх Канадын компанид нөхөн төлбөр төлөх бололтой. Энэ оны төсөв дээр тэртээ тэргүй 900 гаруй тэрбум төгрөгөөр өр төлөхөөр байгаа. Магадгүй үүн дээр нэмэгдээд 250 сая ам.доллар ороод ирчихлээ. 2017 онд дахиад их өр төлнө. Өрийн дарамт нэмэгдсээр байна гэсэн үг.

Гэхдээ нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал хэцүү, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бол Засгийн газар зээл авахаас өөр аргагүй. Гагцхүү авсан зээлийг зөв зүйлд, бодлоготойгоор зарцуулах нь чухал гэдгийг судлаачид онцолдог. Өмнө нь авч байсан 1.5 тэрбум, 580 сая ам.долларын зээлтэй харьцуулахад 250 сая ам.доллар бага. Гэсэн хэдий ч өр бол өр. Эргэн төлөгдөх ёстой.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед мөнгө олж ирсэн нь сайн ч өрийн сайн менежмент, зөв зарцуулалт үгүйлэгдсээр буйг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ