
Монгол Улсад дэлхийд байдаг шашин болон шүтлэгийн болох, болохгүй урсгал хэлбэр нь бүгд байдгийг шашин судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ингэлээ гээд хэн нэгний шашин шүтэх эрхийг хязгаарлан заах боломжгүй учир муу, сайнаар нь ялгаж чадахгүй гэдэг байр суурийг ч илэрхийлдэг юм. Гэсэн хэрнээ шашны байгууллага, тэдний төрөлжилт, ангиллын судалгааг бүрэн гаргаж чаддаггүйд ч санал нэгддэг. Монгол Улс шашин шүтэгчдийнхээ судалгааг арван жил тутамд хийдэг хүн амын нэгдсэн тооллогоороо давхар явуулдаг. Хамгийн сүүлд хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийсэн. Ингэхэд 15-аас дээш насны хүмүүсийг хамруулж судалгаа авсан. Тэгвэл дараагийн хүн амын нэгдсэн тооллого 2020 онд болно. Энэ тооллогоор Монгол Улсын шашин шүтэгчдийн судалгаа шинэчлэгдэх юм. Харин улсын хэмжээнд буй сүм хийд, шашин номлол түгээгч, суралцагчдыг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны байдлаар ийн нэгтгэжээ.
