УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эрх баригч МАН-ын зүгээс 2020 оны УИХ-ын сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор 50+26 хувилбараар явуулах санал дэвшүүлсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.