УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулав. Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн долдугаар сарын 1-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ. Ингэснээр  төвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар ажлын хэсгийнхэн дурдав. Улмаар тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үүний дараа Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мөн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаадрдлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй шоо метр бохир ус байгальд шууд хаягдаж байна” гэлээ. Мөн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.