УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. Уг төсөлд, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан юм. Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.
Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явна
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлаар бид Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны Өрхийн мэдээллийн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Бум-Эрдэнээс тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгохоор болсон. Хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно гэхээр хуучин мөрдөж байсан босго оноо хамаарахгүй болох нь ээ.
-Хуучин буюу одоогийн байдлаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй босго оноог хангасан хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох шийдвэр гарсан.
-Эцэг эхүүд хаана хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авч болох вэ?
-Амьдран суугаа хороондоо өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргах асуудал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь бүртгэлтэй учраас хуучин босго оноо хангаагүй ороогүй байсан ч он гарснаар хүүхдийн мөнгө нь олгогдоод явна гэсэн үг. Харин өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргана. Түүний дагуу манайхаас судалгаа авч өрхийн мэдээллийн санд оруулна. Тухайн өрхийн оноо бодогдон мэдээлэл нь бүртгэгдсэний дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эрх нь үүснэ.
Харин шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа бол хүүхдийн бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс шинээр мэндэлсэн хүүхдэдээ тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй.
-Иргэд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа эсэхээ хэрхэн шалгах боломжтой вэ?
-Иргэд харьяа дүүргийнхээ хороо, халамжийн хэлтэст хандан мэдээллээ нягталж тодруулж болно.
-Хүүхдийн мөнгө тэтгэмж авахад заавал банканд хүүхдийнхээ нэрээр данс нээлгэдэг шүү дээ?
-Иргэд дурын банканд хандан хүүхдийн нэрийн дансыг нээлгэсэн байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явна.
-Хүсэлт гаргаагүй иргэдийн тухайд хугацаа заасан байгаа юу. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хамрагдах уу. Эсвэл он гарсан ч хүсэлтээ гаргаж болох уу?
-Бүртгэлтгүй иргэдийн тухайд хүсэлт гаргаж өгөхөд хугацаа заагаагүй. Өрхийн мэдээллийн санд мэдээлэл нь орсон л бол он гарсаар мөнгө нь ороод явна. Харин он гарсны дараа хүсэлт гаргаснаар нэгдүгээр сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж орохгүй мэдээлэл бүрэн орсны дараа буюу хоёрдугаар сараас нь хүүхдийн мөнгөн тэтгэмж орно гэсэн үг. Тиймээс хэрвээ таны өрх бүртгэлгүй байгаа бол цаг алдаж он гартал хүлээх хэрэггүй одоо хүсэлтээ өгөөрэй гэж зөвлөе.
-Чингэлтэй дүүргийн хувьд одоо нийт хэчнээн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг вэ. Энэ тоо он гарснаар хэд болж өсөх хандлагатай байгаа вэ?
-Чингэлтэй дүүргийн хэмжээнд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 49065 хүүхэд бий. Үүнээс 46494 хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа. Одоогоор нийт бүртгэлтэй хүүхдийн 90-ээд хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа.