УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

УИХ 19 жилийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн өөрчлөлт хүсч байсан өөрчлөлтийн хэмжээнд хүрч чадав уу. Эсвэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс баталчихав уу?

1992 онд баталсан Үндсэн хуульд 1999 онд УИХ өөрчлөлт оруулахдаа гурван өдөр хуралдаж долоон өөрчлөлт оруулсан. 2000 онд өмнөх өөрчлөлтөө баталгаажуулахдаа таван цаг хуралдсан байдаг юм. Үүнийг нь ард түмэн дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэдэг. Үүнээс шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа чанаргүй болсон. Ер нь 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойшхи долоон удаагийн парламентын хугацаанд долоон Засгийн газар ажиллах ёстой байтал 15 Засгийн газар ажиллалаа. Энэ нь төрийн бодлого тогтвортой, тодорхой байхад маш их саад учруулсан. Ерөнхий сайд болгон өмнөх Ерөнхий сайдынхаа бодлогыг үгүйсгэж өөрийн бодлогоо хэрэгжүүлдэг. Монголчууд дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Үндсэн хуульд дээрээ суудлаа олохгүй байх зохицуулалт байсныг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх заалтууд орсон.

Мөн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тодорхойгүй байдлыг тодорхой болгох чиглэлд ахиц дэвшил гарсан. Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын тодорхой эрхүүдийг хязгаарлаж, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг эмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 78 Ерөнхий сайдтай мэт ажиллаж ирлээ. Мөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар байнга хороондоо толхилцдог байсныг Үндсэн хуулиар өөрчиллөө. Засгийн газрын гишүүн бүгд УИХ-ын гишүүн байх нөхцөлийг хязгаарлаж, Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байж болохоор баталсан. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй хоног хуралддаг байсан бол 75-аас доошгүй хоног хуралддаг болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг УИХ нэмэгдүүлэхгүй байх гэх мэт дэвшилттэй заалтууд орсон. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр хоёр удаа сонгодог байсан бол нэг удаа зургаан жилээр сонгодог болж байгаа. Өмнө нь хоёр дахь удаагаа  сонгогдохын тулд УИХ, Засгийн газрын хийх ёстой ажлыг өмнүүр нь орж хийдэг, хуулиар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлдэг байсан. Харин одоо нэг удаа сонгогддог болсноор зөвхөн улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах боломжтой болно.Мөн Үндсэн хуулиас бусад хуулиар Ерөнхийлөгчид эрх олгодог байсныг болиулж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж маш олон жил ярьсан. 2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ийм хүрээ хязгаарыг баримталъя гээд тухайн хязгаарыг нь тодорхойлсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үүнээс хойш нэлээд хэдэн удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдсан байдаг. Харамсалтай нь бодит ажил хэрэг болж байгаагүй. Сүүлийн гурван парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тодорхой алхмууд хийсэн. Тухайлбал, 2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүн гарын үсэг зурсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байлаа. Энэ төслийн үзэл баримтлалын 80-90 хувь нь сая баталсан нэмэлт, өөрчлөлтөд шингэсэн. Саяхан баталсан энэ өөрчлөлтийн төслийг 2016 оноос хойш боловсруулсан гэж ойлгож болно. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 330 гаруй суманд амьдарч буй ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулсан, зөвлөлдөх санал асуулга, парламентад суудалтай болон суудалгүй намууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төслөө өнгөрсөн зургадугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн. УИХ таван сар гаруй хугацаанд нээлттэй хэлэлцэж баталлаа.

Үүгээр хийх ёстой өөрчлөлтөө 100 хувь хийж чадаагүй ч 70-80 хувь хийсэн гэж үзэж байгаа. Энэ өөрчлөлт улс орны хөгжил болоод ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Анх 62 гишүүн гарын үсэг зурж төслөө өргөн барихдаа Үндсэн хуулийн 35 хувьд нь өөрчлөлт оруулахаар хөндсөн гэж байсан. Харин яг батлагдахдаа хэдэн хувийн өөрчлөлт болж батлагдав?

Үндсэн хуулийн 35 хүртэлх хувьд өөрчлөлт оруулбал нэмэлт, өөрчлөлт гэж үзэх тухай зохицуулалт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бий. Анх 62 гишүүний өргөн барьсан төсөл энэ шаардлагыг хангасан байсан. Тодруулбал, 24 зүйл 53 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн барьсан юм. Мөн нэгдүгээр хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах төсөл, саналаа өргөн барьсан. Түүнд Үндсэн хуулийн 19 зүйл 49 заалт хөндөгдсөн. Энэ хоёр төслийг нэгтгэх процессыг Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэснийг санаж байгаа байх. Энэ хүрээнд улс төрийн намууд, эрдэмтэн мэргэд, судлаачид, хуульчдын дунд таван өдөр таван өөр сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Ингээд хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг хангаж 35 хувьд нь багтаасан юм. Харин батлагдахдаа 19 зүйл 36 заалтад өөрчлөлт орж батлагдлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн 28 орчим хувьд өөрчлөлт орсон.

Шүүх засаглал болон нутгийн удирдлагатай холбоотой нэлээд олон зохицуулалт хасагдсан. Харин УИХ, гүйцэтгэх засаглалтай холбоотой заалтууд төдийлөн их хасагдаагүй. Магадгүй УИХ-ын гишүүд өөрсдөө зовлонг нь илүү сайн мэдэрдэг учраас энэ хоёртоо илүү анхаарал хандуулсан байх магадлалтай юу. Шүүх засаглал, нутгийн удирдлагатай холбоотой тус бүр гуравхан заалт л орсон шүү дээ?

Шүүхтэй холбоотой зохицуулалтуудаас тодорхой заалтууд хасагдсан. Цаг хугацааны хувьд өнөөдөр хийх өөрчлөлт биш гэж үзсэн юм. Мөн органик хуулиар зохицуулах асуудлууд ч байсан. Гол зарчим буюу шүүх хараат бус байх, шүүгчдэд хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлэхийг зорьсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг нь шүүгчид дотроосоо сонгоно. Тавыг нь сонгон шалгаруулалт явуулж гаднаас сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно гэдэг байдлаар Үндсэн хуульд тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь ямар үүрэгтэй байгууллага вэ гэвэл, шүүгчийг сонгон шалгаруулж, томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг байгууллага. Ингэхдээ хэн нэгний нөлөөнд автахгүй, мэдлэг, ёс зүйтэй, шударга шүүгч нарыг хараат бусаар сонгох тогтолцоог бий болгож өгсөн. Хоёрдугаарт, шүүгч нар шударга бус байна, хэн нэгний захиалгаар ажиллаж байна, авлигад автаж байна гэж ярьдаг. Тиймээс шүүгч нарыг хянах зорилготой Сахилгын хороог Үндсэн хуульд суулгасан. Шүүгч нар өндөр шалгуур давж томилогдсон л бол боллоо гэсэн шиг ажлаа хийхдээ хариуцлагагүй хандаж болохгүй. Шүүгч нар хараат бусаар ажиллаж чадаж байна уу, ёс зүйтэй байна уу, авлигад автаж байна уу, үгүй юү гэдгийг хянадаг, хариуцлага тооцдог байгууллага бол Сахилгын хороо байх юм.

Шинээр бие даан байгуулагдах байгууллага гэсэн үг үү?

Тийм. Шинээр байгуулагдана. Шүүгчдийн хариуцлагын асуудлыг Ерөнхийлөгч болоод УИХ-аас хараат бусаар шийддэг байгууллага болно. Тодруулбал, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт Үндсэн хуульд шинээр орсон. Шүүх болоод шүүгч нар хариуцлагатай, ёс зүйтэй, шударга ажиллах зарчмыг нь Үндсэн хуульд тусгасан учраас бусад асуудлыг нь органик хуулиар зохицуулъя гэж шийдсэн.

Харин орон нутагтай холбоотой асуудал дээр хасагдсан гол заалт бол сумын Засаг даргыг ард түмнээсээ сонгох тухай заалт. Сумын Засаг даргыг ИТХ-аас сонгох нь хэтэрхий улстөржих, хэдхэн хүнээс хараатаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Сумын ИТХ-ын 12 хүний 11-тэй нь найзалчихаад ард түмний эрх ашиг хамаагүй гэсэн байдлаар ажиллаж байна. Тиймээс ард түмнээс сонгодог болъё. Ингэвэл жинхэнэ ард түмнийхээ төлөө ажилладаг болно гэж анх төслөө оруулж ирсэн юм. Харин хэлэлцүүлгийн явцад үүнийг заавал Үндсэн хуульд тусгахгүйгээр бусад хуулиар зохицуулж болно гэж үзсэн. Үндсэн хуульд оруулчихвал Ерөнхийлөгчтэй адилхан ард түмнээсээ сонгогдсон хүн гээд хэт их бие даасан байдлаар ажиллах нөхцөл үүснэ гэж үзсэн. Ялангуяа, уул уурхай ихтэй газрын Засаг дарга хэтэрхий дураараа аашлах нөхцөл бүрдэнэ гэж энэ удаад болгоомжиллоо. Магадгүй байгалийн баялаг ихтэй суманд гадна дотны нэг мөнгөтэй компанийн эрх ашгийг хамгаалсан, тэрэнд үйлчилсэн, тэдний мөнгөөр иргэдийн саналыг худалдан авч гарч ирсэн Засаг дарга ажилладаг болохыг үгүйсгэхгүй. Тийм болохоор энэ ээдрээтэй асуудлыг эхлээд органик хуулиар шийдэж үзээд болохгүй бол одоогийн хэлбэрт нь оруулж болно.

Энэ мэт өөрчлөхөөр ярьж байсан зарим заалтууд батлагдаагүйгээс гадна АН-ын зөвлөлийн гишүүд болон МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү нар хурлыг орхиж, батлалцахаас татгалзсан. Тэдний энэ үйлдлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Энэ талаар та юу хэлэх вэ?

62 гишүүний гарын үсгээ зурж өргөн барьсан төслийн үзэл баримтлал 2015 онд АН Засгийн эрхийг барьж байх үедээ өргөн барьсан төслийн үзэл баримтлалтай 80-90 хувь давхцаж байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын хийхийг хүсч байсан зүйлийг бид хийсэн. МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү гишүүн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж гарын үсгээ зурсан 62 гишүүний нэг. Санаачлагч нь гэсэн үг. АН-ын нэр бүхий  гишүүд ч гарын үсгээ зурж санаачлагч нь болсон. Цаашлаад эхнээсээ дуустал нь хэлэлцүүлэгт оролцсон. Гэхдээ санал нийлэхгүй зарим зүйл заалт байсан. Гуравдугаар хэлэлцүүлэг явуулахын өмнө “Хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн заалтууд дээр бол ярих юм алга. Харин нэмээд хэдэн заалт оруулмаар байна” гэсэн байр суурийг АН илэрхийлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах гэх мэт саналуудыг АН-ын зөвлөлөөс гаргасан. Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьсантай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр АН-ын зөвлөлөөс тавьсан саналуудыг гуравдугаар хэлэлцүүлгийн үед нэмж тусгах боломжтой болсон юм. Ингээд бид сар гаруй хугацаанд зөвшилцсөн. Зөвшилцөх ажлын хэсэгт манай намын бүлэг, АН-ын зөвлөлийн төлөөлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга оролцсон. О.Баасанхүү гишүүн тодорхой санал гаргаж зөвшилцөхөө илэрхийлээгүй. Гэтэл “Зөвшилцөлд намайг оруулаагүй учраас би батлахаас татгалзаж байна” гээд хурлыг орхиж гарсан. АН-ын нөхөд маань дийлэнх асуудал дээр санал нэгдэж байгаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах заалтыг дэмжсэнгүй гээд хуулийг эцэслэн батлах санал хураалтад оролцоогүй. Харин одоо муу хууль баталлаа гэж тайлбарлах нь зохимжгүй. Яагаад гэвэл, дийлэнхийг нь тэд дэмжиж байсан. УИХ-д 64 суудалтай МАН 57 гишүүний саналаар батлах юм чинь гэсэн байдлаар хүч түрээгүй. Бүтэн сар гаруй хугацаанд ярилцаж зөвшилцлөө, тодорхой саналуудыг нь авлаа. Зарим саналыг нь авах гэсэн боловч 57 гишүүний дэмжлэгийг авсангүй. Ер нь бид эцсийн мөч хүртэл зөвшилцөх, ойлголцох байр суурьтай байсан.

АН-ын дээрх гурван саналаас гадна Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд 100 хувь “дан дээл”-тэй байх ёстой гэсэн санал гаргасан. Энэ саналыг нь яагаад УИХ руу оруулж хэлэлцүүлээгүй юм бэ?

Төслөө хэтэрхий задалчих гээд байсан учраас Ерөнхийлөгчийн энэ саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэдэг санал дээр Ерөнхийлөгч, АН хоёр байр суурь зөрчилдсөн. Ерөнхийлөгч “Энэ заалт дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавина, батламжлахгүй” гэсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэн үзээд энэ саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлээгүй.

Ерөнхийлөгчийг хүндэтгэсэн гэхээсээ илүү хориг тавьчих вий гэж айсан юм биш үү?

Үгүй. Өөр үндэслэлтэй тайлбарууд бас гарсан учраас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг хассан юм. Бид нэг туйлаас нөгөө туйл руу хэт савж болохгүй. Ерөнхий сайддаа нэлээд эрх мэдэл өгчихлөө. Олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болдог. Мөн олонхи болсон намын дарга бодлогоо тодорхойлоод хэнийг УИХ-ын даргаар сонгохоо шийддэг. Түүнчлэн Ерөнхий сайд болсон намын дарга өөрөө сайд нараа томилдог, чөлөөлдөг болчихлоо. Дээрээс нь энэ хүнийг Ерөнхийлөгч болго гэдэг саналыг УИХ-д оруулаад батлуулдаг болох гээд байсан юм. Намын даргын нэр дэвшүүлсэн хүнийг мэдээж УИХ дахь олонхи нь дэмжих нь ойлгомжтой. Ингээд олонхи болсон намын дарга буюу Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг тодруулсныхаа дараа “Би чамайг Ерөнхийлөгч болгосон. Одоо миний бодлогыг хэрэгжүүл, прокуророор, шүүгчээр тэр хүнийг томил” гэх маягаар бүгдийг мэддэг болно. Товчхондоо олонхи болсон намын дарга Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, хууль хяналтын байгууллагыг удирдах нөхцөл бүрдэнэ. Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрнө гэсэн болгоомжлол байсан. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг хассан. Миний хувийн байр суурь бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв гэж дэмжиж байсан. Гэвч дээрх болгоомжлолууд байгааг гишүүд, судлаачид анхааруулж байсан учраас энэ заалтыг хойшлуулъя гэдэгт санал нэгдсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгчтэй бүрэн зөвшилцөөд баталсан гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно.

Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох заалт хэзээнээс хэрэгжих вэ. Одоогийн Ерөнхийлөгчид хэрхэн хамаарч байгаа вэ?

Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр зохицуулахаар байсан. Хэлэлцүүлгийн явцад заавал ингэх шаардлагагүй, энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 онд дахиад нэр дэвшиж болно гэсэн үг үү, болохгүй юу?

Нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байлаа. Мөн 1997 онд дахин нэр дэвшиж байсан. Тиймээс 2021 онд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж харж байна.

Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан заалтуудын хэдэд нь хэрэгжих хугацааг тусгайлан зааж өгч байгаа вэ?

Улс төрийн намтай холбоотой ганцхан заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зааж байгаа. Энэ бол “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт. Энэ саналыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Бүр “50 мянга 1-ээс доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байж улс төрийн нам байгуулна” гэж байсан юм. Бид ярилцаж байгаад сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэдэг дээр санал нэгдсэн. 2020 оны сонгуульд цөөхөн намыг оролцуулахаар төлөвлөж, жижиг намуудын боломжийг хааж байна гэж шүүмжилж байсан. Гэвч энэ бол тийм биш. 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө жижиг намуудад томрох, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж танигдах боломж олгох ёстой гэдэг үүднээс ингэж хугацаа заасан юм. Ер нь улс төрийн намуудын шалгуурыг өндөрсгөж үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэх ёстой. Үүний дагуу улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах тухай заалт оруулсан. Үүгээр нэг ястан үндэстэн, нэг компани, нэг нутгийн, шашны нам байгуулагдах эрсдэлийг хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нам шиг намуудтай болъё гэж байгаа юм. Өнөөдөр бол борооны дараах мөөг шиг олон нам байгуулагдаж байна. Үүгээрээ дамжуулаад ямар нэгэн ашиг хонжоо олох гэсэн алхам хийдэг. Нам гэдэг төрийн эрх барих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг л улс төрийн байгууллага. Төрийн эрх барих гэж байгаа намын бодлого, үйл ажиллагаанд өндөр шалгуур тавьдаг байх ёстой гэдэг үүднээс тодорхой зохицуулалтуудыг оруулсан. Ингэснээр ард иргэдийн дунд унаад байгаа намуудын нэр хүнд сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой гурван заалт орсон. Одоо Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуульдаа нийцүүлэн шинэчилж батална.

2028 оноос өмнө жижиг намууд нийт сонгогчдын нэг хувийг нэгтгэж чадахгүй бол сонгуульд оролцохгүй, шууд татан буугдана гэсэн үг үү?

Тэгнэ. Шууд татан буугдана. Бүхэл бүтэн найман жилийн хугацаа гаргаж өгч байна шүү дээ. Энэ хугацаанд өнөөдөр жижиг гэж нэрлэгддэг болон шинэ намууд томрох, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх боломж олгож байгаа юм. Сонгуульд оролцдог боловч УИХ, ИТХ-д нэг ч суудал авч чаддаггүй хэрнээ сонгууль болохоор гараад ирдэг, сонгуулийн маргааш алга болчихдог тийм намууд байх шаардлагатай юу, үгүй юү гэдгийг бодох цаг болсон.

Гэхдээ иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан алхам болж байгаа юм биш үү?

Үндсэн хуульд тусгасан энэ зохицуулалттай уялдуулан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна. нгэхдээ бид хатуу гишүүнчлэлтэй байхыг шаардахгүй гэж төлөвлөж байгаа. Анх байгуулахдаа л нийт сонгогчдын нэг хувийн дэмжлэгийг авсан байх ёстой.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэчнээн хуульд өөрчлөлт оруулах вэ?

Бидний тооцоолсноор 30 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгаа. Хамгийн наад зах нь сая ярьсан Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай, УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнө бүгдэд нь өөрчлөлт оруулна гэсэн үг үү?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална” гэсэн заалт бий.

Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн ч хуулиа шинэчилж амжаагүй бол одоогийн хуулиараа зохицуулагдана гэсэн үг үү?

Тийм.

Харин Дархан, Эрдэнэтийг хот олгох хууль эрх зүйн орчныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнө бий болгоно гэж тусгайлан зааж өгсөн байх аа?

Тэгсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг бий болгох зохицуулалтыг тусгасан. Үүний дагуу Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг сонгуулиас өмнө шийдэхийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тусгайлан зааж Засгийн газарт чиглэл өгсөн. Аймгийн төвүүдийг бас хот болгоно. Би бол Ховд аймгийн Ховд хотод төрсөн хүн. Гэвч хот гэдэг ойлголт байхгүй болсонтой холбоотойгоор одоо Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн гэж явж байгаа. Харин одоо буцаад Ховд хот болох боломжийг Үндсэн хуулиар нээж өгсөн. Энэ бол хотуудыг бий болгож төвлөрлийг сааруулахад томоохон ахиц гаргах алхам болсон.

Хот гэж нэрлээд л орхиж байна уу, эсвэл тодорхой эрх мэдэл олгох уу?

Тодорхой хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээ тогтоох гэх мэт эрх мэдлүүдийг олгоно.

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд хэрхэн тусгах нь вэ гэж олон нийт анхааралтай ажиглаж байлаа. Гэвч эцсийн мөчид холимог тогтолцоог оруулах санал уналаа. Тэгэхээр Үндсэн хуульд сонгуультай холбоотой зохицуулалт бараг ороогүй гэж ойлгож болох уу?

“Сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, өмнөх зохицуулалт нь ерөнхийдөө хэвээрээ байгаа. Харин өмнө нь сонгууль болохоос зургаан сарын өмнө бүр хоёр сар хүрэхгүй хугацааны ч өмнө Сонгуулийн хуулиа өөрчилж байсан. Тиймээс үүнийг хязгаарлах үүднээс сонгууль  болохоос өмнөх нэг жилийн хугацаанд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Уг нь тогтолцоогоо тодорхой тусгаад өгчихсөн бол бүр л илүү давуу талтай болох байлаа. Эрх барьж байгаа нам сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж сонгуулийн тогтолцоогоо сонгож ирсэн. Хэрэв Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо тусгачихсан бол ямар тогтолцоогоор сонгууль явуулах нь байнга тодорхой байна гэсэн үг. Харамсалтай нь сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал 57 гишүүний саналыг авч чадаагүй. Тэгэхээр одоогийн эрх зүйн орчин үйлчилж сонгууль бүрийн өмнө тогтолцоогоо өөрчлөх боломж нээлттэй үлдсэн.

2012 онд ашигласан намын жагсаалтаар сонгогддог байдлыг олон нийт шүүмжилдэг. Тиймээс бид нам жагсаалтаа гаргах бус иргэд сонголтоороо намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг эрэмбэлэх тогтолцоог оруулъя гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаа улсын хэмжээнд нэг тойрог гэж үзээд нам бус хүн сонгох хувилбарыг оруулж ирэх гэж байсан юм.

Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо тодорхой тусгаж чадаагүй ч нам бус намын жагсаалтад байгаа хүнийг сонгох холимог тогтолцоогоор сонгууль явуулах боломжтой юу. Эсвэл холимог тогтолцоогоор сонгууль явуулах тухай ойлголт ингээд хаагдчихав уу?

Хаагдчихсан. Одоо хуучин тогтолцоогоороо л сонгууль явуулах боломжтой. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоор сонгуулийн хуулиа сонгууль болохоос хамгийн багадаа жилийн өмнө баталсан байх шаардлагатай болно. Энэ бол нэр дэвшигчдэд тэгш боломж олгох зохицуулалт. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс жилийн өмнөөс бэлтгэлээ хангах боломжтой болно гэсэн үг.

Ирэх сонгуулийн дараагаас эхлээд Засгийн газрын эрх мэдэл нэмэгдэнэ. Мөн Засгийн газарт хариуцлага тооцох боломж хумигдчихаж байгаа юу?

Ерөнхий сайдыг огцруулах саналыг 19 гишүүн гарын үсэг зурж гаргадаг зохицуулалт хэвээрээ. Гэхдээ уг саналыг нь нийт олонхи нь дэмжсэн тохиолдолд огцорно. Үүгээр Засгийн газрыг огцруулах боломжийг хязгаарлаж байгаа. Ер нь УИХ хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхийн саналаар баталдаг болж байгаа. Одоо бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор баталж байгаа шүү дээ. Үүнээс гадна Үндсэн хуульд орж буй нэг чухал өөрчлөлт бол Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байх нөхцөлийг УИХ баталж, хяналт тавьж байх тухай зохицуулалт. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг УИХ батална. Мөн хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ батална. Түүнчлэн байгалийн баялгийг ашиглахдаа өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйн иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж бодлогоо урт хугацаанд тодорхойлж байх зохицуулалт орсон. Ингэж төрийн бодлогоо Үндсэн хуульдаа тодорхой тусгахгүй бол сонгуулиар гарч ирсэн нэг нам дөрвөн жилийн хугацаанд бодлогоо хэрэгжүүлдэг. Дараагийн сонгуулиар өөр нэг нам нь өмнөх дөрвөн жилийн бодлогоо үгүйсгэдэг. Энэ байдлыг өөрчилж Монгол Улс алсыг харсан 20-30 жилийн бодлоготой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ямар ч нам гарч ирсэн тэр бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж ирсэн түүхийг харахад л төр засаг урт хугацааны бодлогогүй явж ирсэн нь ажиглагддаг. Нэгдсэн нэг бодлого байгаагүй учраас энэ асуудлаар Засгийн газар бүр өөр өөр шийдвэр гаргаж байсан. М.Энхболдын Засгийн газар шахмал түлшний тухай анх ярьж байсан бол С.Батболдын Засгийн газар сайжруулсан зуухыг айлуудад нийлүүлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар үнэтэй зуух, үнэтэй нүүрс шахахгүй, иргэд ядуу байна. Тиймээс хямд нүүрс нийлүүлнэ гээд Багануурын нүүрсийг хямдралтай үнээр нийлүүлсэн. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар буцаад сайжруулсан түлшний тухай ярьж, хэрэгжүүлж байна. Уг нь анх М.Энхболдын Засгийн газрын үед ярьж байсан сайжруулсан түлшний бодлогоо тууштай хэрэгжүүлсэн бол Улаанбаатар хотын агаарын бохирдол аль эрт шийдэгдсэн байх байж. Тиймээс аль ч нам, ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох нь чухал гэж үзсэн.

УИХ Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг батлахдаа орлого, зарлагын хэмжээг өөрчлөхгүй гэдэг нь бас төрийн бодлогыг тогтвортой болгох гэсэн нэг алхам уу?

Тэгж ойлгож болно. УИХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг батална. Энэ бол урт хугацааны бодлого. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Энэ бол дунд хугацааны бодлого. Харин жил бүр баталдаг төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл бол богино хугацааны бодлого. Төрийн урт, дунд, богино хугацааны энэ гурван бодлого хоорондоо хий зайгүй нягт уялдаатай байх ёстой. Сонгуульд оролцох нам Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогод нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Ялалт байгуулсан бол мөрийн хөтөлбөртөө нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж батлуулна. Үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зорилго, зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлээ боловсруулж батлуулна. УИХ хавар нь төсвийн хүрээний мэдэгдлийг нь баталж, энэ хүрээндээ намар төсвөө боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгоно. Харин оруулж ирсэн төсвийн орлого, зарлагыг нь өөрчлөхгүйгээр баталдаг байхаар болж байгаа.

Гэхдээ УИХ-ын гишүүд өргөн барьсан төсвийн төслийг дур зоргоороо өөрчилдөг байсан бол одоо өргөн барихаас нь өмнө Сангийн яаманд шахалт үзүүлдэг болчих юм биш үү?

Бүх бодлогоо тодорхой болгочихоор хэн нэгэн УИХ-ын гишүүн лоббидно гэсэн ойлголт байхгүй болно. Харин зөвхөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суучихсан асуудлыг л төсөвт оруулж ирэхийг шаардаж, лоббидож болно. Түүнээс бус хаа хамаагүй асуудлыг төсөвт суулгахыг шаардах боломжгүй. Бүх бодлого хоорондоо уялдаад ирэхээр ингэж цэгцэрнэ. Дээрээс нь Засгийн газрын гишүүдийн дөрөв нь л “давхар дээл”-тэй байхаар болсон. Ингэснээр Засгийн газар төсвөө боловсруулахдаа сайд нарынхаа тойргийг бодолцдог, илүү хөрөнгө оруулалт тавьдаг байдал арилна.

Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг дөрвөн сайдаар хязгаарласан гол үндэслэл нь юу вэ. Уг нь тойрогт өрсөлдөж ялалт байгуулаад намаа олонхи болгосон, иргэдээс мандат авсан хүн нь илүү эрх мэдэл авч сайд хийх ёстой юм биш үү?

Нэр дэвшигчид эхлээд УИХ-ын гишүүн болохын төлөө зүтгэдэг. Гишүүн болчихоод сайд болох юмсан гэж хүсдэг. Хувь хүний энэ хүсэл шуналаас болоод Засгийн газар огцордог. “Энэ нөхөр сайд болчихлоо. Би яагаад сайд болж болдоггүй юм” гэсэн бодолтой хүмүүс нэгдээд Засгийн газрыг огцруулдаг. Ийм учраас “давхар дээл”-ийг хязгаарласан нь зөв. Би бол бүр 100 хувь “дан дээл”-тэй байх ёстой гэж үздэг. Салбартаа мэргэшсэн хүн нь сайдаа хийгээд, төрийн бодлого тодорхойлох хүсэлтэй хүн нь мэргэшсэн парламентчаа хийгээд явах нь зөв. УИХ-д орж ирчихээд дамжаад сайд болох гээд зүтгэж намаа хагалан бутаргах шаардлага байхгүй.

Ерөнхий сайд сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болж байгаа. УИХ сайд нарыг томилох санал хураалт явуулахгүй ч гишүүд асуулт асууж, захиасаа хэлнэ. Бас сайд нар УИХ-д тангараг өргөнө гэсэн заалт Үндсэн хуульд орсон. Танхимын сайддаа хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд мэднэ гэж байгаа ч тангаргаа зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх үү?

Засгийн газрын тухай хуульд ямар тангараг өргөх, тангаргаа зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэхийг нь оруулна. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээж л таарна.