МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахмад багш асан, аман зохиол болон утга зохиолын нэрт судлаач, зохиолч, сэтгүүлч, нэрт сурган хүмүүжүүлэгч Д.Дашдоржийн мэндэлсний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Хурлыг МУБИС-ийн НХУС, Утга зохиолын тэнхим хамтран өнөөдөр зохион байгуулжээ. Хурлыг нээж НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар үг хэлж хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлэв. Хурлын үндсэн илтгэлийг Д.Дашдорж агсны шавь нарын төлөөлөл болох МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрдэмтэн багш доктор, дэд профессор Д.Энхээ "Аман билиг зүйч Даваасамбуугийн Дашдорж багштан", доктор профессор Р.Чүлтэмсүрэн "Ардын билиг зүйч Д.Дашдорж" сэдвээр тус тус тавив. Мөн утга зохиол судлаач, шүүмжлэгч профессор С.Энхбаяр, доктор Г.Батсуурь нарын илтгэл олны анхаарлыг татжээ. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт сурган хүмүүжүүлэгч, ардын аман зохиол судлаач, сэтгүүлч Д.Дашдоржтой нэгэн үед хамт ажиллаж байсан болон нөхөрлөж явсан, хамтран зүтгэгчид, түүний үе үеийн шавь нарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал сэтгэгдэл, дурсамжаа хуваалцсан байна. Түүний зарим охь бүтээлийн дээжээс НХУС, шавь нар хамтран 90 насны ойд зориулсан номыг бүтээн хүрэлцэн ирсэн зочдод барьсан нь бас нэгэн онцлох үйл явдал болжээ.