Сарын 35 мянган төгрөгийн төлбөртэйгөөр хүүхэд хүлээн авдаг “Хүслэн” хувийн цэцэрлэг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллаж байна. Уг цэцэрлэгийг ажиллуулдаг Ж.Жаргалсайхан бол Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн. 2000 онд өндрөөс унаж нугасандаа гэмтэл авсан учир тэргэнцэр дээр суух болжээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй гээд хүний гар харж суухыг хүссэнгүй, бизнес эрхлэх болсон байна. Тэрээр өөрөөсөө 300 орчим сая төгрөг гарган 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2015 онд Жаргалант сумандаа ашиглалтад оруулсан байна. Мөн цэцэрлэгийн тоглоомоос эхлээд тохижилтын бүх зардлыг тэрээр өөрөөсөө гаргажээ.

Ж.Жаргалсайхан хувиараа хөдөлмөр эрхлэгч “Манай ээж цэцэрлэгийн багшийн коллежийг төгсөж ирэн сумынхаа цэцэрлэгт багшлан сүүлийн 20 жил цэцэрлэгийн эрхлэгч хийсэн хүн. Тэр ч утгаараа би цэцэрлэгт ойр өссөн учраас цэцэрлэг бол миний хоёр дахь гэр. Сум орон нутагтаа хэрэгтэй зүйл хийе, цэцэрлэг байгуулья гэсэн итгэл үнэмшилтэйгээр анх энэ ажлаа эхлүүлсэн” гэлээ.

2015-ны намар анхны сурагчдаа хүлээн авсан “Хүслэн” цэцэрлэгт өнөөдөр 3 бүлэгт 70 орчим хүүхэд хүмүүжиж байна. Хүйтний ид улирал өнгөрөхөөр хүүхдийн тоо 100 давдаг байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 500 орчим хүүхэд бий. Сумын хэмжээнд улсын нэг хувийн нэг цэцэрлэг ажилладаг ч хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувьтай байна. Улсын цэцэрлэг нь 150 хүүхдийн багтаамжтай ч ачааллаа дийлэхгүй байгаа учир дэргэдээ гэр барьж хүүхэд хүлээн авч байна.

“Хүслэн” цэцэрлэгийн багш Бумцэнд “Манай цэцэрлэг сургалтын орчин бүрэн хангагдсан, багш нарын ур чадвар сайн. Багш нар маань байнга сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлдэг” гэв.
"Хүслэн" цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа аав ээжүүд сард 35 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Суманд амьдарч байгаа аав ээжүүдийн хувьд энэ нь тийм ч бага төлбөр биш гэнэ. Тус цэцэрлэгийн хувьсах зардлыг улсаас олгодог ч халаалт дулаанаас эхлээд зардал чамгүй гардаг байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэх амлалт бий. Тиймээс ирэх хичээлийн жилд “Хүслэн” цэцэрлэгийг улсад худалдан авах болсон байна.



