УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж, Сонгуулийн хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.Тэрбээр “Ардчилсан нам холимог тогтолцоогоор сонгууль явуулах байр суурьтаа хэвээр байгаа. Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийнхэн хуралдаж байгаа. Ажлын хэсгийнхэн УИХ-д ямар хувилбараар өргөн барихыг нь харъя. 50+26 хувилбар байлаа гэхэд 26 нь ямар зарчмаар сонгох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нам бүр 26 нэр дэвшүүлээд хамгийн олон санал авсан 26 нь ялна гэвэл жижиг намуудад ямар ч боломж байхгүй болно. Харин намаас нэр дэвшсэн 26 хүний саналыг намд тоолж, хувь тэнцүүлбэл жижиг намуудад ашигтай. Парламентад олон намын төлөөллийг оруулах ёстой. Тиймээс бид хувь тэнцүүлсэн холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг анхнаасаа дэмжиж байгаа” гэлээ.
Үүнээс гадна сонгуультай холбоотойгоор анхаарах зүйлүүд байгааг тэрбээр онцоллоо. Тухайлбал, сурталчилгааны хугацаа бага байх нь шинээр нэр дэвшигчдэд хүндрэлтэй, сонгуулийн тойрог зурагдсанаас хойш шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, тооллогын машины дүнг гараар давхар тоолж баталгаажуулах зэрэгт анхаарах шаардлагатай байгаа гэв.