“Их 20”-ийн бүлгийг энэ сарын 1-нээс эхлэн Саудын Араб улс тэргүүлж байгаа билээ. Тус улс бүлгийг тэргүүлэх хугацаандаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд гол анхаарлаа хандуулахаар болжээ. “Дойче велле” албан ёсны эх сурвалжаас аван энэ талаар мэдээллээ.

Эр Риядын гаргасан мэдэгдэлд “Бүх хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, залуу үеийнхэн ажиллаж, амжилт гаргах эрхтэй. Саудын Араб үүний төлөө тэмцэх болно“ хэмээн онцолжээ.

Саудын Араб Японыг залган “Их 20”-ийн бүлгийг тэргүүлж байгаа юм. Тус улс хүйсийн тэгш эрхийг хангах талаар дэлхийд сүүлээсээ урдуур жагсдаг ч угсаа залгамжлах ханхүү Мохаммед Ибн Салман улс орондоо нийгмийн шинэчлэл явуулж, олон улсад нэр хүндээ дээшлүүлээд буй. Тиймээс амжилттай имиж дээрээ дөрөөлөн үлгэр жишээ болох амбийц байгаа нь тодорхой харагдаж байна. Саудын Арабт сүүлийн жил гаруй хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг нэг, нэгээр нь нээж байгаа бөгөөд гэсэн ч одоо ч гэсэн эрчүүдийн зөвшөөрөл чухал хэвээр байгаа юм. Тухайлбал эмэгтэй хүн Саудын Арабыг сайн дураараа орхиж гарч болдоггүй.