Жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаей Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дэлхийн аваргын Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь 10 хоногийн дараа БНХАУ-д болох Чиндаогийн “Мастерс” тэмцээн байх аж. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд түүнийг Монгол Улсын шигшээ багийн мэдүүлэгт оруулан баталгаажуулсан байна.
Иргэншлээ сольсон жүдоч чансааны бүх оноогоо алддаг. Харин Саид Моллаей одоог хүртэл ОУЖХ-ны албан ёсны цахим хуудас дахь чансаанд жиндээ гуравдаугаар байрт бичигдсэн хэвээр байна.
Саид Моллаей нь Ираны нэгрийн өмнөөс барилдан 2017 оны ДАШТ-ээс хүрэл, 2018 оны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бөгөөд энэ жилийн ДАШТ-д тавдугаар байрт орсон юм. Тэрээр сэтгэл санааны дарамттай барилдаж байсан нь хожим ил болж, эх орноосоо дүрвэн гарсан. Улмаар Германы иргэн болно гэж ярьж байсан ч эцэстээ ийнхүү Монголын нэрийн өмнөөс барилдах болов. Ираны эрх баригчид улс төрийн асуудлаас болоод энэ жилийн жүдо бөхийн ДАШТ-д шигшээ багаа явуулаагүй юм. Өмнөх жил нь тасархай түрүүлсэн, ид ирэн дээрээ байгаа Саид Моллаей энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй ганцаараа Токиод очин барилдсан юм. Энэ тэмцээний дараа тэрээр эх орондоо дахин очихгүй гэдгээ зарласан билээ.
Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн 81 кг-ын жинд Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэн зэрэг шилдэг бөхчүүд барилддаг. Тэдэн дээр Саид Моллаей нэмэгдсэнээр энэ жингийн өрсөлдөөн ширүүсч, олимпод амжилт гаргах боломж нэмэгдэх нь гарцаагүй юм. "Judo inside" цахим хуудсанд бичсэнээр, Монгол Улсын жүдо бөхийн шигшээ баг 2004 оны олимпоос хойш олимпоос медаль хүртэж байгаа бөгөөд энэ буухиагаа таслахгүйн тулд өрсөлдөөнийг нэмэх үүднээс Саид Моллаейг авчирсан гэсэн байна.