Тусгай цэцэрлэгүүдийн тулгамдсан асуудлууд

Цэцэрлэгийн үүдээр ороход нам гүмхэн орчин угтана. Хүүхдийн цангинасан инээд, дуу шуугиан энд алга. Зөвхөн хаа нэгтээ хүүхэд уйлагнах чимээ л гарна. Гурав, дөрвөн настай хүүхдүүдийг тэвэрсэн багш нар эмчилгээний өрөө рүү нэг, нэгээр нь ээлжлэн авч явна...

Өрөөний голд эгнүүлэн тавьсан тусгай сандал дээр зэрэгцэн суух хүүхдүүд багшийнхаа дэмжлэг, туслалцаатайгаар тоглоно. Энэ бол улсын хэмжээнд ганцхан байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нөхөн сэргээх эмчилгээ хийж сургуулийн өмнөх боловсрол олгодог “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ийн дүр зураг. Цэцэрлэгийн танхим дахь хэл яриа заслын хичээлд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд хамрагдаж байлаа. Мөн өөр нэг ангид дөрвөн хүүхэд эмчилгээ хийлгэж байв. Журмын дагуу нэг өрөөнд нэг хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийх ёстой гэнэ. Гэхдээ үйл ажиллагаа явуулах байргүй долоон жил болж байгаа учраас Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборынхон арга буюу 186-р цэцэрлэгийн подвалийн давхарт сэргээн засах эмчилгээгээ ийнхүү хийж буй аж.

Цэцэрлэгт ороход өнгө өнгийн тоглоомууд өрөө дүүрэн өрөөстэй байдаг бол эндхийн ангиудад тусгай зориулалтын модон сандлууд өржээ. Харин жижигхэн модон тавиур дээр тэднийг саатуулах тоглоомууд өрөөстэй харагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 1.6-6 насны 124 хүүхэд хүмүүждэг. Тэд шинэ байраа баригдтал 186 дугаар цэцэрлэгийн гурван өрөөнд зургаан бүлгээр хичээллэж байна. Харин 186 дугаар цэцэрлэг бол хараа, сонсголын бэрхшээлтэй, аутизм, дауны өвчтэй 100 хүүхэд хүмүүждэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цор ганц тусгай цэцэрлэг. Ийнхүү хоёр тусгай цэцэрлэг хаяа нийлэн үйл ажиллагаа
явуулаад хоёр намрыг үджээ.

2013 онд 10 дугаар цэцэрлэгийн барилгыг буулган шинээр барих асуудал яригдсаар өнөөдөртэй золгосон. Сүүлийн хоёр жил баригдаж байгаа тус цэцэрлэгийн шинэ барилгын явц өдгөө 90 гаруй хувьтай байна. 50 орчим хүн ажиллаж байна гэсэн мэдээллийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Алтанбулаг трейд” компанийн ажилтан өгсөн. Гэвч Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал “Манай цэцэрлэгийн шинэ барилгын ажлын тендер зарлахад, “Алтанбулаг трейд” компани 4.9 тэрбум төгрөгөөр авсан. Гэвч товлосон хугацаандаа барилга ашиглалтад ороогүй. Барилгын ажил яагаад удаашраад байгааг лавлахаар “Мөнгөгүй. Танай барилга тендер зарлахдаа лифт, хашаагүй байсан. Харин одоо гурван лифт, хашаа гээд нэмэлт зардал гарах ёстой гэдэг. Яам энэ асуудлыг 2020 оны төсөвт суулгаж өгнө гэвэл би оноос өмнө ашиглалтад оруулж өгөхийг бодьё. Яам хөдөлж өгөхгүй байна” гэдэг тайлбарыг хариуцсан албан тушаалтан нь өгдөг. Тиймээс оноос өмнө шинэ байрандаа орно гэдэг найдвар бага байна” гэв.

Цэцэрлэгийнхэн өөрийн байргүй ч үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг хичээж байгаа нь анги танхим бүрт тодхон харагдана. Гэвч нэг ангид олон хүүхэд байгаагаас нэг хүүхдэд оногдох талбай маш бага. Энэ нь багшид ч, хүүхдүүдэд ч аль алинд бэрхшээлтэй байгаа нь мэдээж. Тэдний бэрхшээл анги танхимаар ч зогсохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гудамжинд авч явах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, шатаар өгсөх, замаар явахаас эхлээд хүндрэлүүд бий.

Мөн энэ хүүхдүүд нийгэмд гарч танилцах орчин хязгаарлагдмал. Эдгээр хүүхдийг хүлээж авах хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй төдийлөн бэлэн болоогүй. Тэднийг гомдоодог, уурлуулдаг, ичээдэг явдлууд ч бий талаар эцэг эхийн төлөөллүүд хэлж байлаа. 186 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх “Улсын хэмжээнд байдаг хоёр тусгай цэцэрлэг нэг дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энд бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд бий. Хөгжлийн бэрхшээлийн төрөл ангиллаас болоод хэдэн хүүхдэд хэдэн багш байх вэ гэдэг стандарт өөр.

Тухайлбал, оюуны бэрхшээлтэй найман хүүхдэд нэг багш байхад аутизмтай нэг хүүхдэд нэг багш юм уу, гурван хүүхдэд нэг багш гэсэн стандарттай. Бидний хувьд өнөөгийн нөхцөл байдалд 20 хүүхэдтэй нэг ангид нэг бүлгийн багш, хоёр туслах багш ажилладаг.

Хоёр тусгай цэцэрлэг нийлээд одоогоор 76 хүнтэй. Гэхдээ манаач, үйлчлэгч, тогооч туслах ажилчдаа хасаад яг хүүхэдтэй тулж ажилладаг 47 багш, асрагчтай” гэлээ. Цэцэрлэгийн удирдлагууд “Сүүлийн үеийн залуусын хандлага өөрчлөгдсөн. Тэд нийгмээ мэдрээд хаана эмзэг бүлэг, асуудалтай байна, түүнд тусалмаар байна, бид нийгмийн нэг гишүүд гэдгээ маш сайн ухаарч ойлгодог болсон. Манай цэцэрлэгт ирдэг залуусын сайн дурын клубүүд бий. Тэндээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилламаар байна. Энэ чиглэл рүү илүү их уншиж судалмаар байна гэдэг оюутнуудыг бид авдаг. Ажиллая гэсэн сэтгэл зүрхтэй залуу багш нар байгаа шүү” хэмээн олзуурхаж байлаа. 

Түүнчлэн тусгай цэцэрлэгүүдэд шаардлагатай байсан хүүхдийн автобусны асуудлыг өнгөрсөн жил улсаас шийдэж өгсөн. Гэвч олон жил асуудал болгон байж олж авсан хоёр автобус нь гражгүй гэнэ. Тиймээс өглөөдөө асдаггүй, халдаггүй, хүүхдүүдийн суудал хүйтэн байдаг. Цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүдэд хүүхдээ өглөө, оройдоо автобусанд дааруулахгүй дулаан байлгах арга хэмжээг аваарай гэж учирладаг. Энэ байдлаараа энэ сараас хүүхдийн автобусаа зогсоохоос өөр аргагүй гэв. Уг нь баригдаж байгаа 10 дугаар цогцолборын барилга гурван автобусны гражтай ч түүнийг нь ашиглах болох эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Угтаа цэцэрлэгийн удирдлагууд автобусыг зогсоох биш харин ч тоог нэмж 4 болгох хэрэгтэй. Ингэснээр цэцэрлэгт хамрагддаг 220 гаруй хүүхдийн эцэг эх заавал машинтай цэцэрлэгийг зорих хэрэггүй болно. Түгжрэл тэр хэмжээгээрээ ч буурна гэв. Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн машинд тусгай тэмдэг тавих нь зөв шийдэл биш. Харин хүүхдийн автобусны тоог нэмэх нь хамгийн зөв гарц гэдгийг тэд онцолсон. 

Энэ мэтчилэн тусгай цэцэрлэгийнхэнд тулгамдсан асуудлууд олон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)