Оны 334 дэх өдөр, шинэ он гартал 31 хоног үлдлээ.
1698 – Оросын хаант улс, Эзэнт улсын дээд шагнал (1698-1917 онуудад), 1998 онд ОХУ-ын дээд одон болгон сэргээсэн анхны болон дээд шагналын “Гэгээн номлогч Андрей Первозванный”-н одонг Оросын I Петр хаан бий болгожээ. Хамгийн анхны тийм одонг дараагийн жилд нь боярин Федор Алексеевич Головинд (ирээдүйн хамгийн анхны гүн цолтон бөгөөд генерал-фельдмаршал) гардуулжээ. Хамгийн сүүлчийн одонг одоогоор 2019 оны арваннэгдүгээр сард хөгжмийн зохиолч Александра Пахмутова-г шагнан гардуулаад байна.
1699 – Оросын тэнгисийн цэргийн флотод Андреевын тугийг авч хэрэглэхээр шийджээ.
1700 – Нарва гол дээр Пётрын арми Шведийн XII Карлын армитай тулалдан оросууд хүнд ялагдал хүлээв. Европт хэдэн жилийн турш Оросын армийг ноцтой хүчин гэж тооцохгүй болсон байлаа. Харин Карл аугаа жанжин гэж цоллогдох болжээ.
Нөгөө талаасаа шведүүдийн энэ ялалт нь тэдний ирээгүйн ялагдлын үрийг тарьсан юм. Шведын Карл хаан Оросыг хэдэн жилдээ сэхэхгүй болгосон гэж үзэн армидаа шинэчлэл хийлгүй Полтавын тулалдаан хүртэл тэднийг дутуу үнэлэж иржээ. Австри, Францын зуучлалтайгаар шведүүдтэй найрамдах гэдэг нь бүтээгүй учир Пётр 1704 онд дахин дайтан Нарваг эзлэн Балтийн тэнгист гарц гаргасан юм.
1731 – Хүчтэй газар хөдлөлт Бээжинд 1731 оны энэ өдөр болж 100 мянган хүн амь үрэгджээ.
1853 – “Синопын тулаан”гэж түүхэнд орсон Оросын Хар тэнгисийн флотын тулалдаан адмирал Нахимовын удирдлага дор энэ өдөр Туркийн Хар тэнгисийн эрэг дээрх Синоп боомтод (Севастополоос 300 орчим км) Туркийн эскадрийг (хуучин хэв маягийн дарвуулт 30 хөлөг) бут ниргэв. Энэ нь дарвуулт флотуудын сүүлчийн томоохон тулаан болж түүхэнд үлджээ.
Оросын флотын ялалт нь Английн хэвлэлд туйлын сөрөг дуулианыг үзүүлж, "Sinop Massacre" нэртэй болжээ. Эцэст нь энэ тулалдааны дараа Их Британи, Францыг Османы эзэнт гүрний талд түлхэн (1854 оны 3-р сард) Крымын гэх дайныг өдөөх шалтгаан болсон юм.
1872 – Англи, Шотландын хооронд болсон хамгийн анхны хөлбөмгийн тоглолт 0:0 харьцаатайгаар тэнцжээ.
1874 – Герцог ба герцогийн ахайтан Мальборо нарын Бленхейм шилтгээндээ хийж байсан багт наадам дээр Женни Черчилль язгууртан цусны хүү Уинстон Леонард Спенсер Черчилль (1874–1965) мэндэлжээ.
1876 - Павел Николаевич Яблочков трансформатор бүтээсний патентыг авсан нь энэ төхөөрөмжийн төрсөн өдөр гэгддэг.
1881 – Өнөөдрийн Туркменистаны нийслэл Ашхабад хот үндэслэгджээ. Тэр анх орос цэргийн цайз гэж бий болсон ба араб, фарси холилдсон хэлтнүүдийн нэрээр Ашхабад гэсэн нэрийг авчээ. “Аш” гэдэг нь арабаар “дурлал хайр”, “абад” гэдэг нь фарси хэлээр “хот” гэсэн үг аж. Нэг үгээр “Хайрын хот” гэж нэрлэгдсэн хэрэг.
1914 - Чарли Чаплин анх кинонд гарч тогложээ. Тэр өөрийнх нь бэлгэ тэмдэг нь болсон сахал, таяг, бөөрөнхий бүрх малгайгүйгээр богино инээдмийн кинонд тоглосон байлаа.
1932 – АНУ-д хамгийн урт бүжгийн марафон 4152,5 цаг үргэлжлэн энэ өдөр төгсчээ.
1936 – Лондонд Болор ордон шатжээ. 1851 оны Дэлхийн анхны үзэсгэлэнд зориулан түүнийг Гайд-паркт босгосон байв. Дэлхийн хамгийн анхны шил толь болсон ордон 90 000 квадрат метр, 564 метрийн урттай, 33 метрийн өндөр байсан ба түүнийг Жозеф Пакстоны зураг төслөөр босгосон байв. Викторианы үед шил толь, ган төмрөөр боссон анхны барилга бөгөөд асар их сонирхол татаж байснаас түүнийг болор орлон гэх болсон юм.
Үзэсгэлэнгийн дараа түүнийг задлан буулгаад Сайденхем-Хилл дүүрэгт босгожээ. Галд бүрэн шатсан түүнийг дахин босгох гээд орхижээ.
1954 – Америк эмэгтэй Энн Элизабет Хожес Сулакога хотын ойролцоо унасан солирт цохиулан гэмтэл авчээ. Сансарын биетэд зохиулсан дэлхийн анхны хүн тэр юм. Солир нь ерпийн хондрит (Н4) байсан ба 3,86 кг жинтэй байсан гэдэг. Грейфрут жимсний хэмжээний солир тэдний байшингийн дээврийг цөмлөн радио хүлээн авагчийг нь цохиж 34 настай Эннийг онжээ.
Унасан солирыг Америкийн гурван мужийнхан тэнгэрт харсан байдаг.
Солирыг Нисэхийнхэн хураан авсан байна. Хэлмэгдэгчийн гэр бүл өмгөөлөгч хөлслөн заргалдаж солироо авч зараад дээврээ засварлах санаатай байсан гэдэг. Зарга хийсээр байж солирыг тэд эргүүлэн авсан ч түүнийг сонирхохгүй болсон байв. Энгээд Энн түүнийг Алабамагийн их сургуулийн байгалийн музейд бэлэглэсэн нь одоо тэнд байдаг. Харин солир унасны маргааш нь Жулиус К. Мак-Кинни гэдэг фермер солирын 1,68 килограммын жинтэй хэсгийг шороон зам дээрээс олоод Смитсоны хүрээлэнд заран мөнгөөр нь жижигхэн ферм, хуучин авто авсан түүхтэй.
1956 - Си-Би-Эс компани дэлхийд анх удаагаа видео кассетаар дамжуулсан нэвтрүүлэг хийжээ
1962 - Ли Лоуэлл Эндрюз цаазлагдав. 1958 оны арваннэгдүгээр сарын нэгэн орой Канзасын их сургуулийн биологийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан 17 настай Лоуэлл Эндрюз Достоевскийн “Ах дүү Карамазовынхан” романыг уншиж дуусгаад сахал самбайгаа хусаад, шилдэг костюмаа өмсөн 22 калибрийн хагас автомат буу, “люггер” маркийн гар буугаа ван зочины өрөөнд орон телевиз үзэж байсан эцэг, эх, эгчийгаа буудан хөнөөсөн байлаа. Эндрюзийг цаазлах ял сонсгосны дараа шоронд түүнийг авга ах эгч нь эргэн очоод цаазлагдсаных нь дараа эцэг, эх, эгчийнх нь булшны дэргэд нутаглуулна гэж амлахад тэр элгээ хөштөл хөхөрч байсан гэдэг. Түүнтэй нэг камерт байсан хүмүүсийн яриагаар харин үхэх цагтаа тэр дүүжлүүрт савлан тийчигнэж хорвоогоос салах хүсэлгүй байсан ажээ.
1977 –Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн шатрын 37 дахь аваргын тэмцээн болон түүн дээр 16 настай Майя Чибурданизе анх удаагаа аварга болон гялалзлаа.Тэрбээр 1962 оноос хойш дэлхийн аваргын титмийг хадгалж ирсэн Нона Гаприндашвилийг 1978 онд хожин Майя дэлхийн зургаа дахь аварга эмэгтэй болон тодорчээ.
1978 – Сидней хотноо Венди Уолл гэдэг эмэгтэй 28,2 секундын дотор ор зассан дэлхийн дээд амжилт тогтоожээ.
1986 - Иван Лендл спортын карьертаа анх удаа 10 сая долларын ашиг олсон дэлхийн анхны теннисчин болжээ.
1988 – Мэдээллийн хамгаалах олон улсын өдөр. Энэ нь хүн төрлөхтний хамгийн гайхамшигтай орчин үеийн баяр юм.
Мэдээллийг хамгаалах баяр 1988 оноос эхлэн тэмдэглэгдэж ирэв. Санамсаргүй биш!
1988 онд сүлжээний анхны “өт” гарч ирэн бүртгэгдэж, АНУ-ын 6000 интернэт зангилааны ажиллагааг саатуулан “ялалтын аянаа” хийсэн байдаг. Хожим ойролцоогоор 100 сая долларын хохирол учруулсан өтийг түүнийг түүнийг бүтээгч Корнеллийн их сургуулийн Тооцоолон бодох факультетын аспирант Роберт Т. Моррисийн нэрээр нэрлэсэн ба хакерууд түүнийг Аугаа өт гэсэн нэртэй болгожээ. Робертын зорилго нь судалгаа байсан бөгөөд тэр өөрийн хөтөлбөрөө хир удаан тэсэхийг туршжээ.
Вирусийн тархалт нь сүлжээнд үг дуугүй итгэж болохгүйг харуулсан юм. Үүний дагуу хамгаалтын ихээхэн чухал арга хэмжээ хийгдсэн ба энэ өдөр мэдээллийг хамгаалах олон талын өргөн хэмжээний арга хэмжээ явагддаг.
1993 – Хоёр толгойтой бүргэд дахин Оросын сүлд боллоо. Хамгийн анх хоёр толгойтой бүргэд III Иван хааны тамганд 1497 онд гарч иржээ. Хааны эхнэр болсон Византийн сүүлчийн хааны зээ охин Софья Палеолог анх авчирсан байв. Хаанд ихээхэн нөлөөтэй байсан тэр эмэгтэй Византийн сүлднээс бүргэдийг Москвагийн вант улсад оруулсан ба сүлдийн нэг хэсэгт Ялан дийлэгч Георгий нөгөө хэсэгт нь хоёр толгойтой бүргэдийг оруулан сүлдээ хийсэн байлаа. Дараа нь тэр өөрчлөгдөж ирсэн юм. Догшин Иван хаан бүргэдийн цээжинд москвагийн вангуудын бэлгэдэл Ялан дийлэгч Георгийг дүрсэлжээ. Дараагийн хаан нь бүргэдийн толгой дээр гурван титмийг нэмсэн байлаа. Пётр хаан Гэгээн Андрей Первозванныйн одонг бий болгосны дараа одонгийн гинжийг бүргэдэд нэмэжээ. Сүүлд нь Мальтийн загалмайг ч оруулсан байв. I Александр хаан сүлдний их өөрчлөлтийг 1825 онд хийн төрийн бүргэдийг нь сүлдийн биш чөлөөтэй хэлбэрийг оруулжээ. Бүргээд доош буулгагдсан өргөн далавчтай туузаар ороосон аянгын сум ба бамбарыг баруун сарвуундаа, зүүн сарвуундаа лаврын титэм барьснээр зурагджээ. Малтийн загалмай, одонгийн гинж албага болсон байна. Бүргэдийн чээжинд Москвагийн сүлдтэй бамбайг дүрсэлжээ
Эзэн хаан I Николай 1830 онд уламжлалт сүлдээ аваад харин түүнийг Оросын эзэнт улсын бүтцийн улс орны сүлдээр хүрээлүүлсэн байв.
Энэ бэлгэдлийг хамгийн анх Оросын сүлд гэж 1857 онд IIАлександр хаан албан ёсны болгожээ1917 онд большевикууд Оросын одон медаль, сүлд тэмдгээс татгалзсан байна. Зөвлөлтийн тэмдэг нь алх хадуур болсон байлаа. Зөвлөлт задарсны дараа РСФСР-ын засгийн газар төрийн далбаа, сүлд бүтээх комиссийн 1990 онд байгуулан 1993 оны энэ өдөр Улаан дэвсгэр дээр Хоёр толгойтой алтан бүргэдийг сүлдээр, цагаан-цэнхэр- улаан гурван өнгийн төрийн далбааг Ерөнхийлөгч Борис Ельцины зарлигаар эргүүлэн авч баталжээ. Сайн муу, гэрэл харанхуйн тэмцэл Эх орноо хамгаалахыг бэлгэдсэн эртний энэ тэмдгийг хүлээн авсан нь Орос орны түүхийг салшгүй өв залгамжлалыг харуулж буй ажээ.
1995 - Билл Клинтон Хойд Ирландад айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.
1997 – Австраличууд Рей ба Элен Парк хоёр дэлхийн хамгийн олон жин хэмжүүрийн төхөөрөмжтэй хүмүүс болов. Энэ үед тэдэнд 2549 ширхэг янз бүрийн жинлүүр байжээ.
1998 - Любко Георгиевски Македонийн Засгийн газрыг 32 насандаа толгойлон дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болжээ.
2002 –Дэлхийн хамгийн том “хөвдөг” Зул сарын баярын гацуурыг Рио-де-Жанейро хотод энэ орой нээн асаажээ.
Өнөөдөр– Дэлхийн гэрийн тэжээмэл амьтдын өдөр. Энэ баярыг олон орон тэмдэглэдэг.
Алс тэртээх 1931 онд Флоренцид явагдсан олон улсын ээлжит цугларалт дээр байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн ийм баяртай болох санааг хийсэн байв. Тэр үед янз бүрийн экологийн байгууллагын идэвхитнүүд дэлхийн амьтад тэдний тоонд гэрийн тэжээмэл амьтдыг хамгаалах хэрэгтэй үүний төлөө хүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой гэжээ. Энэ өдрийн уриагаар Антуан де Сент-Экзюперийн зохиолын бяцхан ханхүүгийн бид бүгдэд хандан хэлсэн “Чи сургасан бүгдийнхөө төлөө ямагт хариуцах ёстой” гэсэн үгийг хожим авчээ
Гэрийн тэжээмэл амьтад манай гарагийн асар олон тооны хүмүүст байдаг. Жишээлбэл оросуудын 40 хувь муурыг илүүд үзэн тэжээдэг бол дэлхийн хүмүүсийн ихэнх нь нохойг илүүд үзнэ. Монголд гэхэд л нохойгүй айл ховор. Мөн манай 60-70 сая таван хошуу мал нь мөн л гэрийн тэжээмэл амьтад. Гэхдээ бид мал сүргээ хоол хүнс, нохойгоо манаач гэж хардаг. Хүмүүс муур нохойноос гадна гэртээ шувуу, загас, яст мэлхий молтогчин, элдэв гүрвэл тэжээдэг...
Ер нь бол энэ баярыг газар газар янз бүрээр тэмдэглэдэг. Яг манай орны хувьд тэмдэглэгддэг баяр биш. Гэхдээ өөрсдийн тэжээвэр амьтдыг хайрлаж сурцгаая!