Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Цэрэндэжидийн Гантөмөр өчигдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж,1953 онд хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь зохиолч Л.Ванган "Эмч нар" жүжгийнхээ тухай ярилцлага хийхэд нь тэрээр жүжигчин болохоор шийдэж байсан байна.
Улмаар 1954 онд тэрээр УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Г.Гомбосүрэнгийн шавь болсон байна. 1957 онд урлагийн сургууль төгсөж, "Шарай голын гурван хаан”, "Ээдрээ", “Хүний мөр” зэрэг жүжиг, кинонд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дүрүүдийг бүтээсэн билээ. Ц.Гантөмөр нь СУИС-д дадлагын зөвлөх багшаар ажиллаж, профессор цол хүртсэн гэдэг.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.