Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг билээ. Монгол улсын Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг бол авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах ажил юм.
Энэ хүрээнд АТГ-аас авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны цуврал болгон “Авлигын эсрэг 2019” чуулганыг Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж байна.
Чуулганаар шударга ирээдүйг бий болгохыг хүссэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох тэмүүлэлтэй иргэд, залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлж, санал, туршлагаа солилцох болно.
Түүнчлэн чуулганы үеэр цаг хугацаа шаардсан, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг хүнд сурталтай уламжлалт үйлчилгээг дэвшилтэт шинэ технологийг ашиглан үйлчилгээнд нэвтрүүлсэн ахиц дэвшил бүхий ДИЖИТАЛ шилжилт, өөрчлөх боломж болон ЦАХИМ шийдлийн давуу талуудыг танилцуулна.
Энэ жилийн чуулган үндсэн 2 хэсгээс бүрдэх ба чуулганы эхний хэсэгт салбар бүрийн туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, авлигын эсрэг хийсэн кампанит ажлууд, кэйсүүдийг танилцуулж, болон чуулганы илтгэгч, Оролцогч хамтын хэлэлцүүлэг бүрдэнэ. Харин 2-р хэсэгт авлигын эсрэг аливаа үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар ярилцана.
Авлигын эсрэг чуулганы үеэр төрийн үйлчилгээний танилцуулга бүхий үзэсгэлэнгийн танхимд төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцуулах ба чуулганд оролцогч болон сонирхсон иргэн бүр энэхүү үзэсгэлэнгээр зочлох боломжтой юм.