“Зээлийн муу түүх арилгана” гэдэг зар хамгийн олон хандалттайгаар тодорчээ. Үүнийг дагаад зээлийн муу түүх арилгуулна гэсэн хариу зар гарах болжээ. Тухайлбал, 1,5-2 сая төгрөгөөр зээлийн түүхийг засч өгнө гэсэн мэдээлэл ч харагдаж байлаа. Монголбанкны хар жагсаалтаас хасч өгнө гэсэн хайлт google-д аль хэдийнэ бүртгэгджээ.
Тэгвэл муу зээл гэж юу вэ, ямар тохиолдолд үүнд бүртгэгддэг вэ. Зээлийн чанарт хяналт тавих журмын дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног дотор байвал “хэвийн” гэж үзэх бол 90 хүртэл хоног хэтэрвэл “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоногийг хэвийн бус, 181-360 хоногтойг эргэлзээтэй, 361-ээс дээш хоногтой бол “муу” гэж үздэг.
Алдаатай бүртгэгдсэн бол засах боломжтой юу?
Алдаатай гэж үзэж байгаа бол өөрийн зээл авч байсан байгууллагадаа хандан хүсэлт гаргаж засуулах боломжтой. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгж нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагаас шаардах эрхтэй. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл ажлын гурван өдрийн дотор шинэчлэгддэг.
Тодруулбал, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Мөн хуульд зааснаар мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн тэр даруйд тухайн иргэн, аж ахуй нэгжийн мэдээлэл шинэчлэгддэг. Анхааруулж хэлэхэд банкин дээрээ хэвийн зээлийн ангилалд бүртгэсэн ч гэсэн энэ нь Монголбанкинд байх “Зээлийн мэдээллийн сан”-д хэвийн болж давхар бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа гаргуулан шалгахад гэмгүй гэдгийг санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Жишээ нь, таны хугацаа хэтэрсэн зээл төлөгдөөд зургаан жил болчихвол банкууд энэхүү сөрөг мэдээллийг харж чадахгүй. Бүр тодруулбал, таны хугацаа хэтэрсэн зээл 2012 онд бүрэн төлөгдсөн байлаа гэж бодъё. Тэгвэл өнөөдөр таны энэ сөрөг мэдээлэл банкуудад харагдахгүй болно гэсэн үг. Гэхдээ Монголбанкны мэдээллийн санд арван жил хадгалагдана гэдгийг дахин сануулах нь зөв болов уу.
Зээлдэгч нь харилцагч банкныхаа төвөөс эсвэл харилцдаг зээлдүүлэгч байгууллагаас өөрийн мэдээллээ асууж лавлах боломжтой. Мөн Зээлийн мэдээллийн тухай хуулиар Зээлдэгч жилд нэг удаа өөрийн мэдээллээ үнэ төлбөргүйгээр авах боломжтой болсон. Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, санхүүгийн байгууллагын төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеээр бичиг баримттайгаа очиж авна. Харин банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргана Зээлийн мэдээллийн санд одоогийн байдлаар, арилжааны банкууд, Хөгжлийн банк, хадгаламж зээлийн хоршоод, лизинг, гар утасны оператор компаниуд мөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг яам агентлагийн дэргэдэх сангууд, ТОСК, МИК, Зээлийн батлан даалтын сан гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд бий. Жилийн өмнө 540 байгууллага мэдээлэл нийлүүлж байсан бол одоогийн байдлаар нэмэгдсэн байна.
Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээллээ нийлүүлдэг, зээл, түрээс болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 600 орчим байгууллага байна.
“Өршөөлд хамрагдсан” иргэд бий
2017 онд 25 мянган иргэнийг хамруулж байжээ. Ер нь энэ шийдвэр нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд иргэний зарим мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсон. Энэ хүрээнд ямар шалгуур тавьсан бэ гэхээр, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, мөн үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан. Нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаж байгаа юм.
Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, дүрэм, журам байдаг уу гэсэн асуулт байнга тавигддаг.
Ийм хууль, дүрэм, журам байхгүй. Тухайн зээл олгогч байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг бие даан гаргадаг.
Мэдээж зээл олгохгүй гэж ямар ч хуульд заагаагүй, тийм заалттай ямар ч журам байхгүй хэдий ч зээлийн түүх гэдэг зүйл таны санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас та нэгэнт “чанаргүй зээлдэгч” гэх хар тамга даруулсан бол банк танд зээл олгохоос татгалзах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл зээлийг банк өөрийнхөө мөнгөөр бус хадгаламж эзэмшигчдийн, олон нийтийн мөнгөнөөс олгож байгаа. Тийм болохоор хэн нэгний итгэж хадгалуулсан мөнгийг эргэж төлөгдөхгүй байх өндөр магадлалтай хүнд зээлдүүлэхгүй байх нь зүйн хэрэг юм. Товчхондоо танд олгож байгаа зээл эргэж төлөгдөхгүй байх эцсийн хариуцлагыг банк өөрөө 100 хувь хүлээж байгаа. Дорж зээлээ төлсөнгүй гээд Дулмаагийн хадгалуулсан мөнгийг өгөхгүй байх эрхгүй.
Дээр өгүүлсэн зээлийн ангиллаар бол Зээлийн мэдээллийн сангийн түүхэнд “хараар” бичигдэхэд танд бүхэл бүтэн 90 хоног “шаардлагатай” болох нь ээ.
Хамтран зээлдэгчээс болж “хар жагсаалтад” орсон бол
Ийм шалтгаанаас болоод хохирсон иргэд маш их байдаг талаар мэргэжлийн хүнээс асуулаа. “Хамтран зээлдэгчдийг шууд хохирдог гэж хэлмээргүй байна. Тэд үндсэн зээлдэгчээсээ болж заримдаа асуудалд ордог. Учир нь хамтран зээлдэгч өөрөө зээл авлаа гэхэд орлогын хэмжээ болон барьцаа хөрөнгө хангалтгүй тохиолдол гарна. Ингээд хамтран зээлдэгчээр ороод үндсэн зээлдэгчдээ сөрөг нөлөөлөл үзүүлдэг тохиолдол бий. Ер нь үндсэн зээлдэгч зээлээ төлж дууссаны дараа хамтран зээлдэгчийн мэдээлэл автоматаар мэдээллийн сангаас хасагддаг гэж ойлгож болно” гэлээ.
Гэхдээ тухайн иргэн хамтран зээлдэгчээс татгалзах боломжтой. Жишээ нь, та миний хамтран зээлдэгч байлаа гэж бодъё. Тухайн банкиндаа хандаад “Би хамтран зээлдэгчээр орохоо болилоо” гэдэг өргөдлөө гаргаад хасуулж болдог юм байна.
Монгол Улсын хэмжээнд зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгааг үзвэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн боловч зээлийн эргэн төлөлт ойролцоогоор 92-94 хувьтай байгаа гэсэн тоон мэдээлэл байна.