Улсын анхдугаар Их хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл Хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Улс тунхагласны баяр хэмээн тэмдэглэж ирсэн энэ өдрийн утга учир ийм юм. 95 жилийн тэртээх энэ үйл явдал монголчууд бидний бүгдийнх нь түүх.
Энэ жил анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойн өмнөхөн УИХ 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хуульдаа дорвитой томоохон нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Уг үйл явдал ч гэсэн монголчууд бидний түүх болж үлдэнэ. Харин тэр цагт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан парламентад олонхи байснаараа МАН энэ өдрийг өмчлөөд унавал яах вэ? Цөөнх байснаараа АН энэ үйл явдлыг үл ойшоогоод өнгөрдөг болбол бас ямар вэ? Аль аль нь өрөөсгөл, туйлшрал болно.
Тэгэх вий, ингэх вий хэмээн таамаглаж, болгоомжилсны учир нь өнгөрсөн зуугаадхан жилийн түүхээ, тэр бүү хэл хорь, гучхан жилийн өмнөхөө хүртэл МАН, АН хоёр өмчлөн булаацалдаж, өөр өөрөөр тайлбарлаж, сурталчлах болсных. Эдүгээгээс яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хэлсэн үг ч үүнд бас нөлөөлсөн билээ. Тухайн үед З.Энхболд дарга “Өнөөдөр Монгол Улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол Улсаа тунхагласан билээ. Харин анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэдийгээр аль нэгэн намын гишүүн биш ч гэлээ төрийн улс төрийн албан тушаалтан, нөгөө талаар тэрээр АН-ын дарга байсан тул З.Энхболд даргын дээрх мэдэгдлийг олон нийт АН-ын байр суурь гэдэг өнцгөөр тусгаж хүлээж авсан нь олон. Ийм байр сууринаас хандсан шүүмжлэл ч жилийн өмнө өрнөж байлаа.
Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ныг социализмын үед өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд 2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн хуульчилсан юм. 2012 онд АН УИХ-д олуулаа болсныхоо дараа улс тунхагласны өдрийн өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 08-ны өдөр дээрх хуульд өөрчлөлт оруулан Бүгд найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг бүх нийтээр амрах өдрийн жагсаалтаас хасан оронд нь Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж байсан юм.
Ингээд АН засагласан дөрвөн жил монголчууд улс тунхагласны өдрийг тэмдэглээгүй. Харин 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа мөн л улс тунхагласны баярын дөнгөж өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-нд хуульд өөрчлөлт оруулан нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон сэргээсэн юм.
Эндээс ердөө л МАН, АН гэсэн хоёр намын үзэл баримтлал, хандлага, ойлголтын зөрүү харагдана. Уг нь түүхэн үйл явдлын ойг тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэдэг нь ээлжлэн эрх барьж буй намуудын дур зоргын хэрэг биш, нийт монголчуудын түүх, бахархал, үнэт зүйлтэй салшгүй холбоотой асуудал. Харамсалтай нь манай улс төрийн намуудын хувьд тийм биш ажээ. Түүхэн ой, тэмдэглэлт өдрүүдээс гадна Чингис хаан, Сүхбаатар жанжнаа нэг нэгээр нь өмчилж, улмаар нэрэмжит талбай, танхимаа хүртэл булаалдана. Нэр усыг нь ээлжлэн солино. Ингэлээ гээд улс төрийн ашиг хонжоо, оноо цуглуулна гэж боддог бололтой. Эсвэл улстөрчид өнгөрсөн түүхээс өнөөгийнхний алдааг хайж, ялалт ялагдлынхаа өш хонзонг тайлдаг юм болов уу ч гэмээр. Эцэс сүүлдээ түүхчид нь хүртэл МАН-ынх, АН-ынх болж хуваагдах шахаад буй. Энэ туйлшрал нь яван явсаар хоёр өөр түүхтэй, хоёр тусдаа улс үндэстэн мэт харагдах эмгэнэлтэй, инээдтэй байдалд хүргэж мэдэх аюултай.
Чингис хаан, Сүхбаатар жанжнаа “өмчилсөн” нь
УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлуудаар улс төрийн байр сууриа нэгтгэдэг. Ийн хуралдахдаа олонхи болсон нам нь А танхимд, цөөнх нь Б танхимд хуралддаг дэг жаягтай явж ирсэн. 2016 онд УИХ-ын даргын захирамжаар А танхимыг Их эзэн Чингис хааны танхим, Б танхимыг Жанжин Д.Сүхбаатарын танхим хэмээн өөрчлөн нэрлэхээр болсон юм. Энэ нь үндсэндээ МАН, АН хоёр намд зориулсан өөрчлөлт ч гэмээр. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд МАН-ын бүлэг Жанжин Д.Сүхбаатарын танхимдаа, АН-ынхан Их эзэн Чингис хааны танхимдаа хуралдах болсон нь цаагуураа энэ хоёр түүхэн хүнийг өмчилсөн, талцсан байдалтай. Үүнийгээ ч үе үе цухалзуулдаг. Энэ нь илүү хурцаар илэрсэн нь нийслэлийн төв талбайн нэршил.
2012 онд АН олуул болмогцоо Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон бол 2016 онд МАН засгийн эрх авсныхаа дараа буцаан Сүхбаатарын талбай болгон хуучин нэршлийг нь сэргээсэн. Мөн АН-ынхан засаглаж байх үед буюу 2013 онд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот хэмээн нэрлэх болсон юм. Энэ нэршил өнөөг болтол шүүмжлэл дагуулсаар буй ч МАН-ынхан хараахан өөрчилчихөөгүй байгаа.
“Ардын хувьсгал”-ыг арчсан түүх
Долдугаар сарын 11 бол ардын хувьсгалын ойн баяр гэдгийг монгол хүн бүр мэднэ. Алдаатай, оноотой ч бидний түүхийн нэг хэсэг нь энэ юм. Ардын хувьсгал 1921 онд ялсан нь үнэн, ардын журамт цэрэг тухайн жилийн долдугаар сарын 6-нд Толгойтын даваагаар даван Нийслэл Хүрээнд орж ирсэн энэ тэр гээд үйл явдал нь барин тавин тодорхой бичигдэж үлдсэн. Ингээд долдугаар сарын 11-нд цэргийн наадмыг анх хийсэн нь тасралтгүй үргэлжилж үндэсний их баяр наадам болон өргөжсөн.
Гэтэл 2013 оны наадмын албан ёсны хөтөлбөр, урилга заллагад Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг ор тас хасч Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадам хэмээн бичсэн нь парламентын түвшинд асуудал үүсгэж байв. Тухайн үед цөөнх байсан МАН-ынхан энэ талаар чуулганы хуралдаан дээр шүүмжлэл тавьцгааж, АН, МАХН-ын хамтарсан Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж асан Д.Тэрбишдагва Ардын хувьсгалын ой гэдэг үгийг хас гэдэг чиглэлийг дээрээс өгсөн гэж мэдэгдэж байсныг олон нийт санаж буй бизээ. АН-ын гишүүд Ардын хувьсгал гэдэг үгийг авч хаясныг зөвтгөж “Тэгж ярьвал ардын хувьсгалын түүхийг ярих юм бол 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг, Богд хааныг мөн ярих ёстой” хэмээн барьцаж, “Үг үсгээр маргаад байх шаардлагагүй” гэх мэтээр үл тоож байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлдэж. Гэхдээ АН-ынхан дотор ардын хувьсгал гэдэг үгийг баяр наадмын хөтөлбөр, урилга, албан ёсны бичиг баримтаас авч хаяж болохгүй гэдэг байр суурьтай гишүүд ч байсныг хэлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : Ардын хувьсгал гэдэг үгийг авч хаясан Ёслолын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёрыг зайлуулах хэрэгтэй. Ардын хувсгалын ойг нь байхгүй болгочихоод наадам хийж, бөхөд цол олгоно гэж юу байдаг юм. Хаанаасаа хаалгач гэж үг бий. Муу хаалгач байгаа бол бүгдийг нь төрөөс зайлуул. Харь сэтгэлтэй хүмүүсээ бүгдийг зайлуул. Хачин юм хийчихээд гэм зэмгүй царайлаад яваад байгааг ойлгохгүй байна, эрх баригчид аа. Хулгайч муур гэдэг шиг сэмхэн Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг аваад хаячихсан байх юм. Ардын хувьсгал, Тусгаар тогтнолоо үгүйсгэчихээд ямар наадмаа хийх гээд байгаа юм. Ямар бөхөө барилдуулах гээд байгаа юм. Тусгаар тогтнолоор оролдоод үзээрэй. Эцсээ хүртэл, чадах чинээгээрээ тэмцэнэ шүү. Энэ төрд шургалсан хулгайч муур шиг юмнуудаа зайлуулж санааг минь амраагаад өгөөч.
УИХ-ын чуулган. 2013 оны долоодугаар сарын 10.
Энэ бүхний эцэст МАН-ын бүлэг төрийн тэргүүнд хандан шаардлага хүргүүлснээр энэ хэрэг явдал нэг талдаа гарсан юм.
Уг албан бичигт, “Баяр наадмын нэр, арга хэмжээний бүхий л урилга, хөтөлбөр, бусад баримт бичигт Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийг тус тус зөрчин “Ардын хувьсгалын ой” гэдэг үгийг хассан байна. Уг асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний хорооны дарга Д.Тэрбишдагва, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нараас тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрт байсан, хуульд заагдсан Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр гэснийг Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам” хэмээн өөрчилсөн гэх тайлбарыг өглөө. Эндээс үзэхэд уг хууль зөрчсөн чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын хуулиудыг зөрчин, Үндэсний их баяр наадмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдлийг үгүйсгэж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын агуулга, үзэл санаа, түүхэн ач холбогдлыг нийгмийн ой санамжаас арилгах гэсэн ёс бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь улс орны тусгаар тогтнолын баталгаа хэврэгших, үндэсний эв нэгдэл сулрах, түүхэн үнэн гуйван гажуудах сөрөг үр дагавартайг анхаарах ёстой гэж үзэж байна. Иймд ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд уг асуудлыг судлан үзэж, буруутай холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэдэгт итгэж байна” хэмээсэн байдаг.
Коммунист Улаанбаатар
Нийслэл Улаанбаатар хотын нэрийг солих тухай яриа үе үе дэгддэг. Бараг тодорхой хугацааны давтамжтайгаар босч ирдэг асуудал гэж болно. Тухайлбал, 2010 оны хаврын улаан шороон дундуур Улаанбаатар нэрийг өөрчлөх кампани өрнөж байв. Улаан гэдэг хувьсгалын өнгө, Баатар гэдэг хувьсгалч нэрнээс салах болсон, нийслэлээ Чингис хаан хот гэж нэрийдье гэсэн гол санаанд зангидагдсан энэ давалгаа тэгсгээд намжсан. Дараа нь 2013 онд дээрх яриа дахин сэргэсэн юм. Энэ бол 2012 оны орон нутгийн ээлжит сонгуулиар нийслэлийн ИТХ-д АН илт давцуу суудал авсны дараахан гэсэн үг. Тухайн үед мээр Э.Бат-Үүл Улаанбаатар хотын нэрийг солих асуудлыг зөвхөн судалгааны түвшинд ярьж байгаа гэж мэдэгдсэн ч энэ сэдэв тийм амархан хаагдчихаагүй юм. Нийслэлийн удирдлагуудын хувьд Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон шигээ хотынхоо нэрийг яаран өөрчлөхөд жаахан эвгүй байсан байх.
Өнгөрсөн онд Улаанбаатар нэрийг өөрчлөх яриа дахин сэдэрсэн. Санаачилга нь мөн л НИТХ дахь АН-ын бүлгээс гарсан байв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр Улаанбаатар хотын нэрийг солих асуудлыг хөндөж ярилцсан аж. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо “Нийслэл Улаанбаатар хотын социалист, коммунист агуулгатай нэрийг өөрчлөх хэрэгтэй юм” хэмээн нүүр номдоо бичиж Улаанбаатар гэдэг нэрний коммунист агуулгаас жийрхэх хандлага 1990-ээд оноос хойш бий болсон. 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр депутат П.Улаанхүү “Коммунизм үнэртсэн Улаанбаатар нэрийг сольё” гэж санал гаргасан ч олонхи төлөөлөгч “Чи өөрийнхөө нэрийг Цагаанхүү болгочихоод Улаанбаатарын нэрийг солих тухай ярь” гэснээр энэ асуудал дэмжлэг аваагүй гэдэг.
Эндээс харахад Улаанбаатарын нэрийг солих санаархал АН-ынхаас гарсаар ирсэн нь аанай л улс төрийн өнцөг гэхээс өөр аргагүй. Нийслэлийн коммунист агуулгатай нэрийг өөрчилье гэх хэрнээ оронд нь оновчтой хувилбар олж чаддаггүй нь хоржоонтой.
Юутай ч үгүйсгэх аргагүй үнэн түүх гэвэл нийслэл Хүрээнд Улаанбаатар хэмээх нэрийг өгсөн нь өнөөдөр бидний тэмдэглэж буй Бүгд найрамдах улсаа тунхагласан үйл явдалтай шууд холбоотой. Улсын анхдугаар их хурлаараа анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан, бүрэн эрхт улсынхаа нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрийдэн зарласан нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26 билээ.
Түүхээ өөрчилж, үгүйсгэж, эсвэл миний чиний хэмээн өмчилж, улс төрийн зорилгоор ашиглах, түүхийн дурсгал, соёлын өвөө хуучирсан баларсан хэмээн эвдэлж нураах зэрэг нь аль аль нь хортой. Түүхээ судалж сэргээж, додомдож хамгаалдаг болохоос талцал, тэмцлийн довон дээрээ хатгах туг болгож болохгүй.