Хятадын хөрөнгө оруулалттай компани ажилчдадаа хууль бус торгууль ногдуулж байжээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал буюу торгууль авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д… ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүлсэн байна.

Тус компанид зөрчлийн хэрэг нээж шалган Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж,  ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг ажилчдад буцаан олгуулжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)