АМНАТ-ийг сэргээх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөрийг давхардуулж авч байгаа үндэслэлээр тус хуулийн 47 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Ингэснээр төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах учир АМНАТ-ийг сэргээх шаардлагатайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Тиймээс энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм. Уг нь хуулийн төслийг өчигдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай учир хэлэлцүүлгийг өнөөдөр болгон хойшлуулсан юм.

Түүнчлэн чуулганы хуралдаанаар Хоршооны тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Мөн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар”, УИХ-ын гишүүн гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нараас “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ