Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэж ярьдаг. Тэгвэл зөвхөн хувь хүн бус улс даяараа өөдлөхгүй байх вий гэсэн айдас монголчуудад бий болсон. Монгол Улс 2021 оноос томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Тодруулбал,2021 онд “Мазаалай” бондын 600 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн нам яллаа гэж баярлах ч үүрэх зовлон нь дэндүү хүнд байх нь. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх үүрэг тэднийг хүлээж байна. Яг үүнтэй адил Монголбанкны дараагийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томоохон үүрэг даалгаврууд хүлээж байна. УИХ-ын гишүүд ч түүнийг томилохоосоо өмнө тэр бүх үүрэг даалгавруудыг сануулж байлаа.

Н.Баяртсайхан ерөнхийлөгчийг Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад оруулсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Төв банкны дараагийн ерөнхийлөгч Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах ёстой. Энэ бол хамгийн эхний даалгавар. Мөн ойрын үед шийдэх ёстой бас нэг даалгавар хүлээж байна. Энэ бол БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг сунгах.

Манай улс тус банктай 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн бөгөөд ирэх онд хэлцлийн хугацаа дуусч байгаа. 15 тэрбум юан гэдэг бол 5.8 их наяд төгрөг гэсэн үг. Жилийн төсвийнхөө талтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг дор гаргах чадал манай улсад байхгүй. Тиймээс БНХАУ-ын Ардын банктай хэлэлцээ хийж своп хэлцлийн хугацааг сунгахаас өөр аргагүй. Энэ хэлэлцээрийг Монголбанкны дараагийн ерөнхийлөгч хийх таарна. Тиймээс дараагийн ерөнхийлөгчийг яаралтай томилж, БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээний ард суулгах шаардлагатай байна. Хэрэв БНХАУ-тай тохиролцож чадахгүй бол Монгол Улс дахин нэг удаа дефолт зарлахдаа тулна. Одоогоос гурван жилийн өмнө Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг хэрхэн төлөхөө шийдэж ядан, дефолт зарлахдаа тулж байлаа. Харин тухайн үед 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд гаргаж, өрийг өрөөр дарсан. Харин энэ удаад яах вэ?