Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, дагалдах Дубайн гэрээний талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: “Оюутолгойгүй эдийн засагтай болчихвол Монгол Улс яаж явах юм бэ. Дэлхийн улс орнуудад очих болгондоо гуравдагч хөршийн бодлогыг барьж, тэндээс урт хугацааны зээлийн эх үүсвэр, боловсон хүчний бодлого, техник, технологи авах талаас өнгөрсөн хоёр жилийн турш бүтэн ярьж ирлээ.
Дээрээс нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн байгууллага, Азийн хөгжлийн банк гээд олон банк санхүүгийн байгууллагууд нэгдээд Монгол улсад хөрөнгө оруулчихсан байхад нь гуравдагч хөршийнхөө бодлоготой нийлүүлээд, манайхыг дэмждэг байгууллагуудыг “хайрцаглаад” хөөгөөд гаргачих юм уу.
Дубайн гэрээг бид нар зөвшөөрөөгүй. Дубайн гэрээг сайн болсон гэж үзэхгүй байгаа. Хоёрдугаарт гэвэл хэрэгжилтийг улам сайжруулах хэрэгтэй. Засаж залруулах, Монгол Улсад ашигтай байдлаар явуулах ийм л шаардлагыг тавьж байгаа. Цаашид урт хугацаанд тогтвортой явах бодлогыг барьж байна.