В.Путин ОХУ-ын эдийн засаг эрч хүчээ хадгалсаар байна гэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй хэдий ч Оросын эдийн засгийн хөгжил эрч хүчээ хадгалсан хэвээр байна" гэж мэдэгджээ. Тэрээр өчигдөр Москвад зохиогдсон жил тутмын олон улсын хөрөнгө оруулалтын “Орос орон уриалж байна” форумд үг хэлэхдээ "Оросын ДНБ ноднин 2.3 хувиар, энэ оны эхний гурван улиралд 1.1 хувиар нэмэгдэв. Оросын эдийн засгийн хөгжлийн яамны тоо бүртгэлээс үзвэл, энэ оны сүүлийн хагас жилд Оросын эдийн засгийн өсөлт илэрхий түргэссэн" гэжээ.

ОХУ-ын ажилгүйдэл багасаж, энэ оны 1-ээс 9-р сард ажилгүйдлийн хэмжээ 4.6 хувь байсан юм. Мөн инфляцын түвшин төсөөлснөөс түргэн доошилж, өдгөө 3.6 хувь байгаа бөгөөд ирэх оны эхэнд 3 хувь буюу түүнээс доогуур түвшинд хүрэх шинжтэй байгааг В.Путин онцолсон байна. Анхан шатны бүртгэлээр Оросын энэ оны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын ДНБ-нд эзлэх хэмжээ 21.6 хувьд хүрсан аж. Орос улс хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөөг эхлэх гэж байгаа бөгөөд энэ харьцааг цаашид 25, ирээдүйд 27 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Жил тутмын олон улсын хөрөнгө оруулалтын "Орос орон уриалж байна” форумыг ОХУ-ын Гадаад худалдааны банк зохион байгуулж, тус улсын эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт татах, Оросын компани ба гадаадын хөрөнгө оруулагчдад яриа хэлэлцээний индэр гаргах зорилготой юм. Энэ оны форум арваннэгдүгээр сарын 20-ноос 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 60 гаруй орны хөрөнгө оруулагч, компанийн эзэд, банк санхүүгийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн 2500 гаруй хүн оролцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)