УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүд үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг дөрөвдүгээрт хэлэлцэхээр эрэмбэлжээ. Үүнийг урагшлуулмаар байна. Энэ бол маш чухал асуудал. 2008 онд анх гэрээ байгуулахад цөөн тооны гишүүн “Ийм нөхцөлтэй гэрээ хийж болохгүй шүү” гэдгийг хэлж байсан. Дээр нь Ардчилсан нам засаглаж байх үед Дубайд дэлхийн 15 банкны барьцаанд тавьчихсан. Тэндээс авсан 5.3 тэрбум ам.доллараас тун бага хэмжээгээр “Оюутолгой” төсөлд зарцуулсан гэдэг. Ихэнхийг нь “Риотинто” компани өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан. Мэргэжлийн хүмүүс ноцтой зүйл ярьдаг шүү. Оюутолгойн хайгуулын зардалд 150 сая ам.доллар зарцуулсан ч 700 сая ам.доллар болгосон гэдэг. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм шүү. Тиймээс энэ асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцүүлэх боломж байгаа эсэхийг тодруулж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногтоо хэлэлцэхгүй бол болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болж улсын төсөвт алдагдал хүлээж байгаа. Гэхдээ энэ хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Тиймээс хэлэлцэх асуудлуудын сүүлч рүү шилжүүлмээр байна” гэв.

Гишүүд үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюутолгойтой холбоотой асуудлыг дарааллын дагуу хэлэлцэнэ. Ашигт малтмалтай холбоотой асуудлыг энэ долоо хоногтоо шийдвэрлэнэ. Татварын асуудал учраас Төсвийн байнгын хороо хэлэлцэх учиртай. Тиймээс өнөөдрийн дотор Төсвийн байнгын хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргах бололцоотой” гэв. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Хуралдаан үргэлжилж байна.