Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны төсвийн төслийг танилцуулав. Тэрбээр “Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд наймдугаар сард хүргүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг нэг их наяд 1.2 тэрбум төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлаад байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ” гэв. Уг хэлэлцүүлэгт 400 орчим иргэн оролцсон бөгөөд 40 орчим иргэн санал бодлоо хэллээ. Иргэд дүүрэг хороодод хийж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг хэлж байв. Иргэдийн гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж.