УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийн нэгдүгээр зүйлд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Харин хоёрдугаар зүйлээр уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгожээ. Тогтоолын төсөл нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой гэрээнүүдийг цуцлах, төслийг зогсоох бус сайжруулахад чиглэж байгааг УИХ-ын гишүүд хуралдааны үеэр тайлбарлаж байв. Улмаар төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Түүнчлэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол банкнаас боловсруулсан Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа аж. Иймээс ирэх онд инфляцыг жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулахаар тусгасан байна. Мөн банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэх ажил өрнүүлэхээр төлөвлөсөн байна.