Транзит тээвэр, эдийн засгийн коридор зэргийг түшиглэн дагуул хотыг бий болгох хэрэгтэй гэлээ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд дагуул хотууд байгуулах шаардлагатай гэж үздэг. Тэгвэл дагуул хотуудыг хаана хэрхэн байгуулах, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа зэрэг судалгааг Барилгын хөгжлийн төв болон бусад холбогдох байгууллагууд хийсэн байна. Дагуул хотуудыг байгуулахын тулд урьтаж олон янзын судалгаа хийх шаардлагатай байдаг. Үүнээс юун түрүүнд дэд бүтэц, тэр дундаа транзит тээврийн замын судалгааг хийх ёстой аж.

Транзит тээврийн чиглэл, эдийн засгийн коридор зэргийг түшиглэн дагуул хотыг бий болгох нь хамгийн оновчтой шийдэл гэж салбарынхан ярьдаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Майдар хот байгуулах асуудал эрчимтэй яригдаж байна. Эдийн засгийн боломж, татварын таатай орчин зэрэг нь дагуул хот байгуулахад чухал нөлөө үзүүлдэг байна. Мөн манай улсын нийт оюутны 90 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод суралцаж байна. Тиймээс их дээд сургуулиуд болоод төр захиргааны зарим байгууллагыг хотоос гаргах нь дагуул хот байгуулахад түлхэц болно гэж үзэж байна. Манай улсын нийт хүн амын 1.5 сая буюу 47 хувь нь хүн амын хэт төвлөрөл бүхий нийслэл хотод, 25 хувь нь жигд тархалт бүхий 27 хот, сууринд, 28 хувь нь хэт сарнил бүхий 305 сум, суурин газарт суурьшиж байгаа нь суурьшлын зохистой харьцааг алдагдахад хүргэж байгаа ажээ. Нөгөө талаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ эсрэгээрээ арал болон хот-улсуудыг эс тооцвол нийт хүн амын хамгийн их хувь нэг хотод суурьшдаг улс болоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)