Монгол Улс олон улсын олимпийн хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны олимпийн наадмуудад анх удаагаа баг, тамирчдаа илгээн оролцуулж, түүхийн алтан хуудас нээсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 55 жилийн хугацаанд Монгол Улсын баг, тамирчид олимпоос 26 медаль хүртээд байна. Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны ХХХII олимпийн наадам жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна.
“Токио-1964” ба “Токио-2020” олимпийн наадмууд нь Монгол Улсын хувьд маш онцлог үйл явдлууд юм. Тиймээс 1964 оны Токиогийн олимпийн наадмаас хойшхи 55 жилийн түүхийг улам бүр тодотгон бэхжүүлэх, ирэх жилийн “Токио-2020” олимпийн наадамд улам бүр чамбай бэлтгэж, амжилт дүүрэн оролцоход Монголын үндэсний олимпийн хороо анхаарал хандуулж байгаа ажээ. Энэ хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас санаачлан Монгол Улсын баг, тамирчид олимпийн наадамд анх оролцсоны 55 жилийн ойд зориулсан “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль хамтран зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд дотоодын болон гадаад орнуудын Биеийн тамир, спортын байгууллага ба Спортын дунд сургуулиуд, их, дээд сургууль, аймаг, дүүргийн Олимпийн зөвлөл, ЕБС-ийн Олимпийн танхимуудын удирдлага, багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид оролцон тодорхой сэдвүүдээр илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.

