“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-гийн нээлт боллоо. Мэдээллийн санд Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн бүхий л мэдээлэл багтах юм байна.

Мэдээллийн санд давхардсан тоогоор 8900 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, 15000 инженер, техникийн ажилтны мэдээлэл, улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл гэх зэрэг нэгдсэн мэдээллүүдийг багтаажээ. Ингэснээр энэ салбарын мэдээлэл ил тод, шуурхай болохоос гадна хаанаас ч мэдээлэл авах боломжтой болж байна. Мэдээллийн сантай болсноор салбарын мэдээ мэдээллийг нэгтгэх, тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох зэрэг үр дүнд хүрнэ гэсэн юм. Бүр цаашилбал барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эдийн судалгаа гаргах боломжтой болох юм байна.