“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Дубайн гэрээг цуцлах эсэх талаар маргаан гарч эхлэв. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “2009 онд УИХ тогтоол гаргаж, Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. С.Баярцогт ажлын хэсгийг ахалсан. Энэ бол Монгол Улсад барууны орнуудын өмнө нь хийж байгаагүй том гэрээ. Гэрээ байгуулснаас хойш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Одоогийн байдлаар есөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Монголын Засгийн газраас нэг ч төгрөг гаргалгүй бүтээн байгуулалт хийсэн. Тэнд 15 мянган хүн ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Оюутолгой” компани болон Засгийн газрын хооронд гурван асуудал яригдсан. Нэгдүгээрт, УИХ Оюутолгойн гэрээг цуцлах гээд байна. Энэ танай улсын байр суурь мөн үү. Хоёрдугаарт, Захиргааны хэргийн шүүх дээр Дубайн төлөвлөгөөг цуцлахтай холбоотой маргаан явж байгаа. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү гэдгийг тодруулсан. Гуравдугаарт, татварын маргаантай асуудлыг эвийн журмаар шийдэх санал тавьсан. Арбитрын шүүхээр явахгүй байх саналд хариу өгөөгүй. Ийм байдалтай хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэтэл гэнэт нэг өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгосон. Тухайн үед Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан хүндрэл бий болсон. Миний хувьд энэ төслийг цааш нь үргэлжлүүлэх хатуу байр суурьтай байгаа" гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын хурал болж, Дубайн төлөвлөгөөг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх гэж байхад ийм байдалтай байж болохгүй. Хэрвээ Дубайн төлөвлөгөөг цуцалчихвал тэнд ажилладаг 15 мянган хүний амьдрал яах вэ. Бид Английн Арбитрт хүч тэнцвэргүй маргаанд оролцох учраас их болгоомжтой байх ёстой. Оюутолгойтой холбоотой хардлага сэрдлэгийн асуудал байж болох хэмжээнээс давсан. Оюутолгойн гэрээг байгуулсан сайдууд тус бүр 200 сая ам.долларын хахууль авсан гэж мэдээлсэн. Баримт нь байгаа бол гаргаж ир. Энэ гүтгэлгээ зогсоо. Би тухайн үед ийм гүтгэлэг гаргаж байгааг ч хэлж байсан. Тухайн үед сайд байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ талаар сонссон шүү. ҮАБЗ-ийнхөн өчигдөр энэ асуудлаар хуралдсан. ҮАБЗ-ийн гишүүд миний ярьж байгаатай санал нэг байгаа. Энэ гэрээг зогсоож болохгүй. Зогсоовол Монголын ирээдүйд маш том эрсдэл бий болно. Төлөвлөгөөний дотор сайжруулах зүйл бол бий” гэв.