Улаан нүдэн гаригийн хөрсийг нарийвчлан судалсан эрдэмтэд барилгын тоосго хийхэд гойд тохирсон  болохыг олж нээжээ. Байгалиасаа тохирсон материал учраас нэг грамм ч ус ашиглахгүйгээр сайн чанарын бат бөх тоосго хийж болох аж.

Ангарагийн өнгөн хөрс их хэмжээний төмөр агуулдаг. Чухам тийм учраас ус хэрэггүй, харин зохих температурт халаагаад шахахад л хангалттай гэнэ. Ингэхэд маш бөх батаас гадна ус үл нэвтрүүлэх чанартай болох ажээ.

НАСА, “Space X” Ангараг гаригт хүн буулгахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үед эрдэмтэд анхны колоничлогчдын байр сууцны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм. Тэнд хамгийн боломжит түүхий эдийг гаригийн хөрс, шороо зэрэг эрдэс хэмээн тооцож, түүгээр барилгын материал хийх судалгаа туршилтын ажил явж байсан юм. Энэ асуудлыг шийдэхэд хамгийн том бэрхшээл нь эрдсийг бэхжүүлэх нөлөө үзүүлэх учиртай усны асуудлыг шийдэх явдал байв. Тэгвэл шинэ гарч ирсэн баримт, түүн дээр үндэслэсэн судалгааны үр дүнд уснаас шалтгаалахгүйгээр барилгын материал үйлдвэрлэх бүрэн боломжтойг олж тогтоосон явдал сансар огторгүйг эзэмших үйлсэд маш том хувь нэмэр оруулах нээлт болжээ.

Нээлт хийсэн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Брайан Чоу “Ангаргын хөрсийг маш өндөр даралтаас шахахад түүнд агуулагдах төмрийн нано хэлтэрхийнүүд хоорондоо бэхлэгдэж, араг бүтцийг үүсгэнэ. Үлдсэн орон зайг элс, галт уулсын чулуулаг дүүргэх учир маш бөх бат тоосго болдог” хэмээн өгүүлжээ.

Хүн төрөлхтөн одоогийн нөөц бололцоогоороо Ангараг гариг дээр буувал дээд тал нь гурван сар амьдрах боломжтой. Хүчилтөрөгч, бусад нөөцлүүрийн төхөөрөмжийн багтаамж, чадал ийм хэмжээнд байгаа юм.