Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайланг гаргадаг. 2019 оны тайланг гаргасан бөгөөд Швейцарь улс тэргүүлжээ.

Уг тайланд дурдсанаар энэ онд Баруун Европын улс орнууд эхний есдүгээр байранд эрэмбэлэгдсэн байна. Харин Ази тивээс Сингапур улс аравдугаарт эрэмбэлэгджээ. Тэгвэл Монгол 63 дугаарт буюу сүүл мушгисан аж.

Энэхүү тайланг гаргахдаа гурван үндсэн хүчин зүйлийг хардаг байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, ур чадвар, гуравдугаарт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал зэргийг үнэлэн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр, аль улс нь чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд багтжээ.

Монгол Улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63 дугаарт эрэмбэлэгдсэн ч хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар 63-рт жагсжээ.